Э.Бат-Үүл: АН-ынхан Н.Алтанхуягийн хажууд зогсоод Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох ёстой


-Та Н.Алтанхуягийг цагаатгасан шийдвэрээ шүүх хүчингүй болгосон явдлыг улс төрийн захиалгатай гэж мэдэгдсэн байсан?

-Шүүхийн бүрэлдэхүүн 1 гаргасан шийдвэрээ ахин дахин өөрчилж байна шүү дээ. Би шүүгчдэд зориулж хэлмээр байна. Та бүхнийг гэмт хэрэг хийлгэх юм руу улстөрчид явуулчхаад, дараа нь золиосонд гаргадаг шүү. Олон шүүгч золиосонд гарсан шүү. Бүр зарим нь амиа хорлосон шүү. Шүүгчид та нар улстөрчдийн гар хөл болох вий. Энэ бол албан тушаал урвуулан ашигласан, маш ноцтой гэмт хэрэг болно. Шүүгч дараа нь прокуроруудыг бөөнөөр нь барьж хорьсон доо.

“Та бүхэн шүүх институтийнхээ хараат бус байдлын төлөө тэмц. Иргэд бид дэмжье. Та нар улстөрчдийн захиа даалгавраар явдгаа боль.

Итгэл үнэмшлээрээ ажилладаг эрх дархаа олж ав” гэж хэлье. Хүн төрөлхтөний түүхэнд улс төрийн захиалгатай шүүх шиг адгийн зүйл байдаггүй.

-Н.Алтанхуяг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэнээс болж, шүүх ийм шийдвэр гаргасан гэж та хардаж байна уу?

-Хардах гэж, одоо итгэж байна. Та нар бодоод үз дээ. Манай намд хэн нэр дэвших вэ гэдгээ ярьж байгаа. Л.Гантөмөр, Н.Алтанхуяг гээд бас бус хүмүүс нэр дэвших санаагаа хэлж байгаа л даа.

-Таны энэ байр суурийг танай АН дэмжихгүй байгаа юм биш үү? УИХ дахь АН-ын гишүүд огт дуугарахгүй байна шүү дээ.

-Одоо дэмжих байх гэж найдаж байна. Ардчилсан намд шүүхээс халдаж байгаа 2 дахь том халдлага шүү. С.Баярцогт, Д.Ганболд 2-ыг яг нэр дэвшээд явж байхад нь, нэр дэвших эрхээ авчихсан явж байхад дээд шүүхийн шийдвэрээр бариад хорьчихсон. Хуулиар хатуу хорьчихсон зүйл шүү дээ. Дарангуйлагч оронд ийм байдаг. Нэгэнт сонгуульд явсан бол хэн ч халдах эрхгүй. Гэтэл тэр 2-ыг барьж хориод, хууль зөрчсөн. Үүнийг нь манай нам арчаагүйтсэн үү, яасан авч хэлэлцээгүй. Шүүхээс нэхэл дагуул болох ёстой байсныг зүгээр хаячихсан. Одоо энэ асуудал томроод ороод ирж байна. Би УИХ-ын гишүүддээ хэлмээр байна. Хэрвээ та нар үүнтэй тэмцэхгүй бол 2028 онд сонгуульд хэн нэр дэвших, дэвшихгүйг улс төрийн захиалгаар шүүх шийднэ. Нэр дэвшчихсэн явж байхад чинь шүүх шийднэ. Жишиг болоод тогтоно.

-Одоогийн улс төрийн нөхцөл байдлаар бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг та ямар сонгууль болно гэж харж байна вэ?

-Энэ янзаараа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн эсрэг сонгууль болно. Хууль бус сонгууль. 2020 оны сонгуулийг би хууль бус сонгууль гэж зарлаач ээ гэж мэдэгдэл хийж, бид ингээд сонгууль хийж болохгүй гэж намынхандаа ч хэлж байсан. Ерөөсөө ийм зүйл рүү явуулж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүд ойлгооч ээ.

Парламентын засаглалын эсрэг сонгууль болох гээд байна. МАН-ын бүлгүүд хоорондоо үзсээр байгаад, хүний санаанд багтамгүй асар их идээ уугаагаа ярьчихлаа. Одоо МАН-д сонгуульд орох нүүр байхгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд явж байна гэдэг бол ичмээр зүйл болчихлоо. Хошин шогийн зүйл.

Энэ шалтгаанаар тэд парламент руу дайрч, сонгууль хийх гэж байна. Сэтгүүлчид яагаад эрэн сурвалжлах эрхгүй болсныг мэдэх үү? Нууцын хууль хийснээс болж, сэтгүүлчид дуугарах эрхгүй болсон. Одоо сэтгүүлчдийн амыг үдсэн шигээ парламентыг хааж, нээлттэй индэр биш болгох гэж байна. МАН өөрсдөө идсэн ууснаа ярьснаас биш хэвлэл олж ярих эрх байгаагүй шүү дээ. МАН дарангуйлал руу явах нь гарцаагүй. Дээрэмчид хоорондоо нэг нэгийнхээ булхайг дэлгээд, сонгогчид руу харах нүүргүй болчихлоо.

-АН лидергүй болчихлоо. Н.Алтанхуягийг ингээд яллачихаар өрсөлдөх хүн байгаа юу. Танд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байна уу?

-Үгүй ээ. Би сонгуульд өрсөлдвөл хотын даргын сунгаанд л өрсөлдөнө. Ерөнхийлөгчид нэр дэвших лидерүүдийг маань барьж хориод байх вий гэдэг хэцүү байна.

-Н.Алтанхуягтай холбоотой шүүхийн асуудал өмнөх түүхийг давтаж байна гэж та хэллээ. Гэтэл танай намд таниас өөр дуугарах хүн алга байна шүү дээ?

-Одоо манай Л.Гантөмөр зэрэг хүмүүс Н.Алтанхуягийнхаа хажууд очиж зогсох хэрэгтэй. Хэрэв Н.Алтанхуягийн нэр дэвших хууль ёсны эрхийг сэргээхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд орж болохгүй шүү. Ерөнхийлөгчийн сонгуулийг бүх нийтээрээ бойкотлох хэрэгтэй. Хэрэв сонгуульд ороод ялагдчихвал тэр сонгуулийг хууль ёсных гээд тооцчихно шүү дээ. Өөрөө өрсөлдчихөөр дараа нь хэлэх үггүй болчихдог. Бид хувьсгал руугаа л орох хэрэгтэй.

-Байр сууриа илэрхийлсэнд баярлалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *