Нохойноос айж зугтахдаа унаж гэмтсэн эмэгтэйд 1500 еврогийн нөхөн төлбөр олгохоор Герман улсын Нюрнберг хотын Дээд бүсийн шүүх шийдвэрлэлээ. Энэ нь ойролцоогоор 6,3 сая төгрөг гэсэн үг.
Энэ эмэгтэйг Хофгартен цэцэрлэгт хүрээлэнд явж байхад нь чихуахуа үүлдрийн нохой гүйж иржээ. Тэрээр уг нохойноос айж зугтах үедээ унаж, гараа гэмтээсэн байна. Тиймээс уг эмэгтэй тэрхүү нохойн эзнээс өвдөлт, зовуурийн нөхөн төлбөр гаргуулахаар шүүхэд хандсан аж.
Анхан шатны шүүх уг эмэгтэйд 314.78 евро (1,3 сая төгрөг)-гийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүгч түүнийг хэт сандарсан, тэр нь унаж, гэмтэхэд нөлөөлсөн гэж үзэд, нэхэмжилсэн мөнгөний хэмжээг багасгасан юм байна. Иймд тэр эмэгтэй давж заалджээ.
Ингээд Нюрнберг хотын Дээд бүсийн шүүх “Сул тавьсан нохой гүйж ирэхэд айж зугтах нь хүний хэвийн хамгаалах хариу үйлдэл. Нохой жижиг биетэй байсан ч хүнд бодит аюул учруулах боломжтой. Нохой найрсаг байдлаар сүүлээ шарваж байсан ч обьектив ажиглагчийн хувьд бүрэн аюулгүй гэж дүгнэх боломжгүй” гэж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжилсэн мөнгийг нь олгохоор шийдвэрлэжээ.
Герман улс амьтан тэжээдэг иргэддээ хатуу шаардлага тавьж, хариуцлагатай байлгадаг аж. Үүнийг шүүх баримталжээ.
