Л.Оюун-Эрдэнэ л хэлсэн болохоос


“Ерөнхийлөгч нам бус гэсэн мөртлөө МАН-ыг жолоодож байна. Үндсэн хууль зөрчиж байна. Ерөнхий сайд өөрийнхөөрөө ажиллаж чадаж байна уу. МАН-ын дарга өөрийнхөөрөө шийдвэр гаргаж чадаж байгаа юу? Ерөнхийлөгчийн засаглалтай болчхоод байна. Хэн үгүйсгэх юм” гэж МАН-ын дарга, Ерөнхий сайд явсан Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Сохор биш, харж байна. Үлгэрийн шалдан хааныг ард түмэн нь бүгд харж байсан шиг. Хэлсэн нь л Л.Оюун-Эрдэнэ болохоос.

Өнөөгийн төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн засаглалд шилжихийг хүсэж байх магадлал хийж буй үйлдлээс нь тун өндөр харагдаж байна. УИХ-ын гишүүд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тал, Д.Занданшатарын тал болон талцаж, парламентын нэр хүндийг унагасан. Одоо жагсаалтынхан, тойргийнхон болон хуваагдчихаад байгаа. Ийм үед УИХ-ыг улам хагаралдуулж, парламентын засаглалд итгэх ард олны итгэлийг үгүй хийхэд хялбар.  

УИХ-ын гишүүнийг ҮХЦ-ийн дүгнэлтэд тулгуурлан, буцаан татдаг болгохоор Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлан, УИХ-д өргөн барилаа. Ард түмний төлөөлөл болж, сонгогчдын саналаар Монголын парламентад орж ирсэн гишүүдийг парламентаас томилогддог цэцээр буцааж татуулна гэдэг айхтар санаа. Цэцийн 9 гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх санал болгож, УИХ 6 жилийн хугацаатай томилдог. Тэгвэл УДШ-ийн шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог. УИХ зөвхөн танилцдаг. Тэгэхээр ҮХЦ-ийн 6 гишүүнээр хэнийг тавихаа Ерөнхийлөгч мэднэ гэсэн үг.

Үлгэрийн шалдан хааныг ард түмэн нь бүгд харж байсан шиг

Одоо бол УИХ-ын даргыг байтугай 126-г Ерөнхийлөгч мэдэж байх шиг. Ингэж бодвол ҮХЦ-ийг Ерөнхийлөгч бүхэлд нь атгажээ. Ийм нөхцөлд цэцээр, их хурлын даргаар, намын даргаар дамжуулан парламентыг төрийн тэргүүн базаж чадна. Чадаж ч байна.  

Хэрвээ УИХ одоо л өөрийнхөө төлөө, ядах нь ээ ард түмнийг төлөөлөх эрхийнхээ төлөө тэмцэхгүй бол далдхан тогтсон Ерөнхийлөгчийн засаглал албажиж, ил тогтох болно. Үүнийхээ эхлэлийг Ерөнхийлөгч тавьж, УИХ-ын гишүүдийн гараар өөрсдийг нь боомилуулах гэж байна.

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг баталбал Ерөнхийлөгч 126 гишүүний 252 чихийг дуртай үедээ атгаж, хүссэн зүг рүүгээ эргүүлнэ. Тэр үед Ерөнхийлөгчийн өмнө хандах зүг аяндаа тогтож, парламентын засаглалыг халж, Ерөнхийлөгчийн засаглал тогтоох нь хялбар.

Л.Оюун-Эрдэнэ “У.Хүрэлсүх даргыг эрх мэдлийн шуналгүй гэж андуурдаг” гэж онцоллоо. Цүнхийг нь барьж, аргаас нь суралцаж, улс төрийн галыг нь өрдөж явсан Л.Оюун-Эрдэнэ хуурай ахыгаа мэдэх л байлгүй. Түүний таамаглаж буйгаар У.Хүрэлсүх Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлж, өөрөө улирахаар төлөвлөжээ. Хэрвээ ингэж чадахгүй бол нөөц төлөвлөгөө У.Хүрэлсүхэд бий аж.

Путинийх шиг хувилбарыг тэр сонгосон байж мэдэх л юм

Үгээр нь байж, дохиогоор нь хөдөлдөг нэгнийг Ерөнхийлөгч болгоод, У.Хүрэлсүх өөрөө Ерөнхий сайд болно. Яг Путин шиг. Тэр Дмитрий Медведевийг Ерөнхийлөгчөөр 2008-2012 онд түр тавиад, дараа нь өөрөө дахин Ерөнхийлөгч болж, 2012 оноос хойш одоо болтол Оросыг удирдаж байна. Үүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр орон даяар ил хэлсэн нь Л.Оюун-Эрдэнэ болохоос бүгд л таамаглаж ирсэн хувилбар.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын нэгдсэн чуулганд 9 сарын өмнө “Хүн засаглахгүй, хууль засаглана. Үүндээ одоо ч би үнэнч байна. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ гэж ярьсныг би ойлгохгүй байгаа. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал…. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог учраас парламенттай энэ чацуу байдаг. Ерөнхийлөгч дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг шүү дээ.

Би анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор Үндсэн хуульд өөрчлөлт хийхгүй гэдгээ хэлсэн. Ардчиллын баталгаа бол парламент. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч парламентын засаглалаа байнга дэмжинэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Тийм дабель стандарт байж болохгүй. Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй” гэж мэдэгдсэн. Үүнээс харвал Путинийх шиг хувилбарыг тэр сонгосон байж мэдэх л юм.

У.Хүрэлсүх албан тушаалаас олон удаа бууж, олон удаа дэвшиж явсан ч төрийн өндөр албан тушаалаас бууж үзээгүй. Одоо буух хүсэлгүй болсон байж болно. Тэгтлээ дасаж, түүндээ хоргодож байж магад.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *