Иргэн О.Б нэгэн банкнаас орон сууцны зээл авчээ. Гэтэл тэр амь нас, эрүүл мэндээ урт хугацааны даатгалд даатгуулах ёстой болсон байна. Учир нь Санхүүгийн зохицуулах хороо 2025 оны 2 дугаар сард 66 дугаар тогтоол гаргаж, “Даатгалын багц дүрэм” батлан, нэгдүгээр хавсралт буюу “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийг баталсан юм. Түүний 6.1.13-т “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар хугацаагүй алдах үндсэн эрсдэлийг урт хугацааны даатгагч даатгана” гэж заажээ. Үүний дагуу ипотекийн зээлтэй бүх иргэн 2025.08.01-нээс эхлэн амь нас, эрүүл мэндээ урт хугацааны даатгалд даатгуулах болсон юм.
Уг даатгалд даатгуулахыг банк зээл олгохдоо шаарддаг. Хэрвээ уг даалгалыг хийлгэхгүй бол зээл олгодоггүй. Урт хугацааны даатгалын шимтгэл өндөр. Энэ нь орон сууцны зээлтэй хүнд санхүүгийн дарамт болж байгаа аж. Уг нь амь нас, эрүүл мэндийн даатгал нь заавал хийлгэх ёстой албан журмын даатгал биш. Гэвч банкууд үүнийг заавал шаарддаг.
Тиймээс иргэн О.Б СЗХ-ны дээрх дүрмийг хүчингүй болгуулахаар шүүхэдсэн байна. Учир нь уг дүрэм Захиргааны ерөнхий хуульд заасан “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ”, “Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ” гэж заасныг биелүүлээгүй гэж үзжээ.
Түүний нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2026.01.05-нд анхан шатны журмаар хянан хэлэлцээд “СЗХ-ноос баталсан “Даатгалын багц дүрэм”-ийн 1-р хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт” гэх бичиг баримт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний акт мөн байна. СЗХ хэм хэмжээний актыг батлан гаргахдаа захиргааны хэм хэмжээний актыг батлах процессыг зөрчсөн. Төсөл бэлтгэх, баталж бүртгүүлэхэд тавигдах шаардлага, санал авах үйл ажиллагааг явуулаагүй. Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж нийтлүүлээгүй. Маргаан бүхий 6.1.13 дахь заалт нь ипотекийн зээлдэгчийг заавал даатгуулахыг шаардсан агуулгагүй. Энэ нь сайн дурын даатгалын төрөл учраас энэ заалтын улмаас нэхэмжлэгч О.Б-н эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй” гэж дүгнэн, уг актыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоожээ.
СЗХ үүнийг эсэргүүцэн, дээд шүүхэд хандсан байна. УДШ 2026.03.12-нд хянаад “Давж заалдах шатны шүүх хэм хэмжээний актын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Харин энэ төрлийн нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй байх шаардлага тавигддаг. Нэхэмжлэгч О.Б-н эрх зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэж үзээд, СЗХ-ны гомдлыг хүлээн авч, нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.
Ийн СЗХ-ноос 2025 оны 2 дугаар сард баталсан “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт” хүчинтэй хэвээр үлдэж байна. Тиймээс уг дүрмийн 6.1.13-т заасан “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар хугацаагүй алдах үндсэн эрсдэлийг урт хугацааны даатгагч даатгана” гэсэн заалт хүчингүй болсонгүй.
