Засгийн газрыг огцруулахаар намрын чуулганы сүүлчээр гарын үсэг цуглуулж эхэлсэн АН-ын бүлэг одоо УИХ-ын даргыг огцруулахаар санаа нэгдэв. УИХ дахь АН-ын бүлгээс Н.Алтанхуяг гишүүн ганцаараа эмнэлгийн чөлөөтэй байв. Ийн 42 гишүүний 41 нь өчигдөр хуралдаа сууж, Н.Учралыг огцруулах асуудалд бүгд санал нэгджээ.
“… төрийн эрх барих дээд байгууллагын даргын хувьд бүх шатны дарга нарт сануулж байна” гэсэн Н.Учралын үг УИХ-ын даргын нэрээр, намын даргын хувиар МАН-аас томилсон доод дарга нартаа өгсөн сануулга байлаа. Өнөөдөр Монголын төрийн бүх шатны байгууллагын дарга нь МАН-ын гишүүд. Н.Учрал МАН-ын дарга. Бас УИХ-ын дарга. Тэр энэ удаад УИХ-ын даргын хувиар хаврын чуулганыг нээж, үг хэлсэн. Гэвч тэр УИХ-ын даргын индэр дээрээс МАН-ын даргын ажлаа хийв.
“Энэ хуулийг батлах болно. Тэр хуулийг түүнд хариуцуулах болно” гэсэн УИХ-ын дарга Н.Учралын өөртөө хэт итгэлтэй үг АН-ынхны унтууг хүргэж орхилоо. Арга ч үгүй. Өргөн барьсан хуулийн төсөл бүрийг 6 шат дамжлагаар дамжуулан, хэлэлцэж, батлах эсэхээ шийддэг. Төсөл бүрийг батлахгүй ч байж болно. Баталж ч болно. Аль төслийг батлах, батлахгүйг гишүүд өөрсдөө ч мэдэхгүй. Тааж болохоос яг таг хэлэх боломжгүй. Гэвч УИХ-ын дарга Н.Учрал аль хуулийг батлахыг Ванга шиг хэлж, төрийн албыг цомхон болгох шийдвэрээсээ ЗГ-ыг буцахыг даалгаж, УИХ-ын даргын суудлаас чуулганы хуралдааныг анх удаа нээмэгцээ дарга шиг авирлав.
Гэвч тэр УИХ-ын даргын индэр дээрээс МАН-ын даргын ажлаа хийв
Н.Учралын энэ үг, үйлдэл нь УИХ-ыг МАН-ын Хуулийн тасаг болсныг баталгаажууллаа. Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа “УИХ ЗГ-ын Хуулийн тасаг шиг ажиллахгүй” гэж мэдэгдэж байв. Харин одоо Н.Учрал УИХ-ын дарга болоод УИХ-ыг МАН-ын Хуулийн тасаг шиг ажиллуулахаар зүтгэж эхэллээ.
Өнгөрсөн хугацаанд УИХ бүрэн эрхээ ЗГ-т бага сагаар алдсаар ирсэн. ЗГ гэдэг чинь эрх баригч нам. Тиймээс ч УИХ дахь АН-ын бүлэг УИХ–ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилж, 2025.11.17-нд сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Х.Тэмүүжин гишүүний санаачилсан уг төслийн гол агуулга нь “Улс төрийн намын дарга УИХ-ын дарга байж болохгүй. Төрийн дээд байгууллагыг аливаа намын дарга давхар удирдах нь эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлж, хяналтыг алдагдуулан, ардчиллыг үгүй хийх аюултай. Энэ аюул эдүгээ бодитоор бий болчихлоо.
УИХ дарга бол парламентын хурлыг чиглүүлэгч мэт харагдавч Ерөнхийлөгчийг эзгүйд орлодог онцгой эрхтэй албан тушаалтан. Ерөнхийлөгч нам бус. Тэгэхээр түүнийг орлох хүн ч бас нам бус байх шаардлагатай. Нам бус Ерөнхийлөгчийг аль нэг намын дарга орлож болохгүй л дээ. Энэ талаас нь харсан ч УИХ-ын даргаар намын даргыг тавьж болохгүй нь.
Ерөнхийлөгч нам бус. Тэгэхээр түүнийг орлох хүн ч бас нам бус байх шаардлагатай
Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Бидний тэнэглэлийн гайгаар Үндсэн хуулиас төр төвтэй улстөрийн тогтолцоо гээгдэж, одоогийн нам төвтэй улстөрийн тогтолцоо бий болсон юм. Бидний энэ тэнэг алдааг засах түүхэн боломж Г.Занданшатар, О.Цогтгэрэл нарт олдож байна. 27 жилийн өмнө “Ардчилсан холбоо эвслийн дарга нь ЗГ-аа удирдах ёстой” гэсэн ганцхан үндэслэлээр ардчиллын удирдагчид бид М.Энхсайханы Засгийн газрыг огцруулсан юм. Тухайн үедээ нам төвтэй улстөрийн тогтолцоо руу ингэж шилжсэнээр мэндлээд удаагүй байгаа шинэ ардчилсан Үндсэн хуулиа “алах” үйл явцыг эхлүүлж байгаагаа ойлгоогүй. Зөвхөн ард түмний сонголтоор ялсан парламентийн гишүүдээрээ дамжуулан, төрийн ажилд оролцохоос өөрөөр төрийн ажилд хөндлөнгөөс хутгалдахыг намуудад хориглосон байсан. Үндсэн хуулийнхаа амин зарчмыг социалист сэтгэлгээнээсээ салж чадаагүй байсан бидний нялх ардчилагчид ийнхүү устгасан” хэмээн халагласан удаатай.
М.Энхсайхан тухайн үед “Төр төвтэй тогтолцооноос нам төвтэй тогтолцоо руу шилжин, хуучин руугаа ухарч байна шүү. Цаашдаа парламентын ардчилалд муугаар нөлөөлнө” гэж их анхааруулсан ч хэн ч сонсоогүй гэдэг. Түүнээс хойш нам, төрийн эрхийг хослон барьсан хүн 2 тодорсон. М.Энхболд 2016 онд МАН-ын дарга байхдаа УИХ-ын дарга болж байлаа. Тэр МАН-ыг удирдан парламентын сонгуульд ялж, УИХ болон МАН-ын дарга болж байв. Харин З.Энхболд УИХ-ын дарга байхдаа 2014.12.08-нд болсон АН-ын даргын сонгуульд өрсөлдөж, ялан УИХ болон АН-ын дарга болж байв. Нам, төр хоёр нэг хөнжилд ороод юу боллоо доо. Самуун л болоо биз дээ.
Улсыг төр биш Улстөрийн товчоо удирддаг байсан цаг ийн сэргэж, одоо Монгол Улсыг МАН удирдаж байна. ЗГ-ыг огцруулах, хэнтэй хамтрахыг МАН шийдэж байна.
Алдаа хийснээ мэдсэн бол засах нь хүний ёс. Тиймээс ч АН нэгэн цагт гаргасан алдаагаа засаж, одоо намын даргыг УИХ-ын дарга болгодог явдлыг халахаар тэмцэж эхэллээ.
УИХ-ын тухай хуулийн 12 дугаар зүйл. “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах” гэсэн заалтад дараах боломжуудыг зааж өгчээ.
Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон бол УИХ-ын даргын бүрэн эрх дуусна.
Үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргавал УИХ-ын даргыг чөлөөлж болно. Д.Амарбаясгалан шиг. Ийм хувилбарыг АН-ын бүлэг санал болгож буй ч Н.Учрал харин хэзээ ч өөрөө огцрохгүй.
УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэж ҮХЦ дүгнэвэл парламент хүлээн авч болно. Энэ бол саналтгүй заалт.
УИХ-ын нийт гишүүний олонх даргаа огцруулах үндэслэл бүхий санал гаргаж, түүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжвэл Н.Учрал огцорно. Өнөөгийн нөхцөлд энэ хувилбар боломжийн. АН-ын бүлгийн 42 гишүүн дээр МАН-аас 22 гишүүн нэмэгдэхэд л гүйцээ. Магадгүй ХҮН, ИЗНН-ыг Г.Занданшатар засгаас гаргаж, гомдогсдын тоог гялс нэмээд өгөх ч юм бил үү. Ойрын үед юм юм л болох янзтай.
