Эрчүүд минь, өөрийнхөө төлөө үүнийг хийчих


Өчигдөр унтсан аав маань өглөө сэрсэнгүй. Ийм яриа, эмгэнэл, пост цар тахлаас хойш тасарсангүй. Өчигдөр орой гэртээ, орондоо орж унтсан атлаа өглөө нь сэрээгүй хүмүүсийн олонх нь, за бараг бүгдээрээ эрчүүд. Аавын сайн хүү, ханийн сайхан нөхөр, үрсийнхээ хайртай эцэг нь энгийн өдрүүдийнх шигээ орондоо ороод унтсан атлаа өглөө нь сэрэхгүй, үүрд нойрссон байна гэдэг дэндүү харамсалтай.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикаас харвал манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны эхний 5-д зүрхний шигдээс, хорт хавдар, спиртийн хордлого, тархины цус харвалт, судасны хатуурал эзэлдэг аж. Жирийн байж байгаад, орондоо орж унтсан эрүүл хүн өглөө нь сэрэхгүй байна гэж хэзээ ч байдаггүйг эмч нар хэллээ. Наанаа өвчтэй харагдахгүй ч цаанаа тархи, судас, зүрхний ямар нэг эмгэгтэй хүн түүнийгээ мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй явж байгаад шөнө тархинд цус харвах, зүрхэнд цочмог шигдээс үүсэх, судасны бүлэн хагарах зэргээс болж, гэнэт амиа алддаг юм байна.  

Гүндүүгүй, хээгүй монгол эрчүүд маань бие нь өвдсөн ч, зовуурьтай байсан ч эмнэлэг явалгүй гүрийж явсаар нөгөө ертөнц рүү явж байна. Хүүтэйгээ, ханьтайгаа, аавтайгаа арай удаан хамт байя гэвэл ядаж жилд ганц удаа эмнэлэг рүү дагуулаад явах хэрэгтэй байна. Эмнэлэг явъя гэхээр эрчүүд зугтчихдаг. Арайхийж эмчид аваачаад үзүүлэхээр үгийг нь тоодоггүй. Эмчийн бичиж өгсөн эмийг ууна аа, гонж. Эрчүүд ямагт өвчнөө эцэст нь тулгадаг. Эрхтэнээ солиулах, тайруулах, эсвэл эрлэгт очих гэсэн 2 сонголт үлдсэн хойно нь л өвчнөө мэддэг.

Ийм хүмүүсийн амийг аврах шилдэг арга бол донор. Эмч нь байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн, чадварлаг эмч нар багаараа байна. Эмнэлэг нь ч байна.   УНТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, УХТ, Цэргийн төв эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж байна. УНТЭ анх энэ мэс заслыг хийсэн. Тэд:

  • 1-рт, амьд донороос элэг шилжүүлэн суулгасан.
  • 2-рт, тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан.
  • 3-рт, хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан.
  • 4-рт, элэгний зүүн, баруун дэлбэнг шилжүүлэн суулгасан.
  • 5-рт, донорын элэг дурангаар тайрах мэс засал хийсэн.
  • 6-рт, 2016 оноос цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгасан.

Одоо тэдэнд роботоор донорын элэг тайрах дутуу байна. ХСҮТ саяхан роботоор цөсний хүүдий авсан. Удахгүй эрхтэн шилжүүлэн суулгадаг болох биз. Дэлхийд элэг шилжүүлэн суулгах чиглэлээр хийж буй бүх технологи Монгол Улсад нэвтэрлээ. Гэтэл ДОНОР Л АЛГА.

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах алба байгуулагдсан цагаасаа тархины үхэлтэй 278 боломжит донор илрүүлсний 206 нь донорын шалгуур хангаагүй аж. Бусад эрхтэн нь ч эрүүл биш байсан гэсэн үг. Маш харамсалтай. Шалгуурт тэнцсэн 72 хүнийг донор болгохоор ар гэрийнхэнтэй нь уулзахад, 37 нь зөвшөөрч, 35 нь татгалзжээ. Өөрөө өнгөрсөн ч өрөөлийг аврах асар том буян үйлдэх боломжийг талийгаачдаа гэрийнхэн нь олгосонгүй.

Ар гэрийнхэн нь зөвшөөрсөн 37 донороос 31 нь бодит донор болж, 45 хүнд бөөр, 27 хүнд элэг, 173 хүнд шөрмөсөө өгч, эрүүл амьдрал хайрлажээ. Энэ бол гайхамшигтай том буян. Лхас орох, Төвхөн хийдэд очих, Бодь модонд мөргөх, Далай ламтай уулзах бол үүний дэргэд юу юм бэ!  Юу ч биш. Донороос гадаадын эмч нар арьс, шөрмөс, судас, элэг, бөөр, уушги, зүрх, нойр булчирхай, гэдэс авдаг. Үүгээр 10 гаруй хүний амийг аварч, амьдралын чанарыг нь сайжруулдаг. Манайх бол одоохондоо элэг, бөөр, судас, шөрмөс л авч байна.

Энэ эрхтэн ихэвчлэн эрчүүдэд хэрэг болж байгаа юм. Учрыг нь хамгийн эхэнд дурдсан. Дахин хэлье. Элэгний хавдраар 2025 онд 439 эмэгтэй, 590 эрэгтэй нас баржээ. 177 эмэгтэй, 701 эрэгтэй спиртэнд санамсаргүй хордон амиа алдсан бол 74 эмэгтэй, 434 эрэгтэй амиа хорлосон байв. 120 эмэгтэй, 172 эрэгтэйн тархинд цус харвасан ч шалтгааныг нь тогтоож чадаагүй байна. Энэ мэтчилэн онош бүрээр нь хүйсээр нь ангилж харвал эрчүүд хамаагүй олон юм. Зам тээврийн ослоор амиа алдсан, гэмтсэн хүмүүсийн 90 хувь нь эрэгтэй.

Донор бол гайхамшигтай том буян. Бодь модонд мөргөх, Далай ламтай уулзах бол үүний дэргэд юу юм бэ! Юу ч биш

Цагаасаа эрт нас барж байгаа нь ч, донор хэрэг болж байгаа нь ч голдуу эрчүүд. Тэгэхээр эрчүүд минь эхлээд эрүүл мэндээ хайрла. Биеэ гамгүй эдэлсэн нэгэндээ донор бол. “Эр хүн эр хүндээ хайртай” гэж хэрэггүй үед хэлдэг үгээ ийм л үед хэл. Донорын карт ав.  

Манай улсад 2024 он хүртэл 300 гаруй иргэн донорын цаасан карт авсан бол 2024 онд цахимжуулснаар 4700 гаруй иргэн донор болоод байна. П.Батчулуун эмчид тохиолдсон гашуун сургамжтай холбоотойгоор тархины үхэл, донорын талаар иргэд хамаагүй сайн ойлголттой болж, 7000 орчим хүн “Хэзээ нэгэн цагт намайг тархины үхэлд орвол донор болгоорой” хэмээн донорын карт аваад байна. “И-Монголиа”-гаас “Үйлчилгээ” цэс рүү орон, “Донорын зөвшөөрлийн хүсэлт” хэсэгт нэвтэрч донорын карт авах боломжтой.

Эрчүүд ээ, амьддаа биеэ хайрла. Бас нэгнийгээ хайрла!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *