Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй хэмээн Үндсэн хуульд заасан байдаг...
Бид энэ эрхээ эдэлж чадаж байна уу? Асуултын хариултад ихэнх хүн “чадахгүй” байна гэж хариулж мэдэхээр цаг дор амьдарч байна.
Ингэж хэлэх үндэс бий. Үнэндээ улсын эмнэлгээр үйлчлүүлж, үнэ төлбөргүй эмчлүүлэх сонирхол хүн бүрт л бий. Гэвч оочер дараалал гүйцэгддэггүй. Өвчин ямар хэлж ирэх биш. Ялангуяа гэнэт өвддөг, хүндээ асар богино хугацаанд хүндрэл өгч, амь насанд ч заналхийлэх өвчин олон. Гэтэл ингэж өвдсөн хүнд улсын эмнэлэг дэндүү холын хүрч чадамгүй оргил шиг байсаар.
Нэгэнт оргилд хүрэх хэцүү учраас өвдөж суухын оронд амар хялбараар нь хувийн эмнэлэг бараадах нь бий. Сүүлийн жилүүдэд манай улсад хувийн эмнэлгүүд эрчимтэй нэмэгдэж иргэдийн өдөр тутмын эрүүл мэндийн үйлчилгээний салшгүй нэг хэсэг болтлоо хөгжлөө. Гэхдээ хувийн эмнэлгүүдэд нэг нийтлэг зүйл тогтмолжсоныг үгүйсгэж боломгүй. Хурдан шуурхай үйлчилгээ, тав тухтай орчин, орчин үеийн тоног төхөөрөмж нь дэлхийн хөгжлөөс тэгтлээ хоцорсонгүй.
Гэхдээ шинэ шийдэл, орчин үеийн тоног төхөөрөмжөө ашиглаж, хэрэглэж, онош юугаа зөв тавьж чаддаг эмч, мэргэжилтэн тэнд бий юү гэдэг харин өөр асуудал болжээ.
Түргэн шуурхай, соёлтой, чанартай үйлчилгээ үзүүлдэг гэсэн ойлголттой мөнгөний эмчилгээ хийдэг гэх хардлагатай ямагт хамт явах боллоо. Шаардлагагүй шинжилгээ, эмчилгээ санал болгодог ойлголт түгээмэл болсныг иргэд ам амандаа ярьсаар. Гэхдээ шийдэл нь тодорхой бус хэвээр л байна. Хувийн ч бай улсын ч бай эмнэлгийн эмч, ажилтнуудын чадвар чансаа мэдээж харилцан адилгүй. Сайн туршлага нэг эмнэлэгт итгэл нэмдэг бол муу кейс бүхэл салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг.
Зөвхөн ганцхан баримт дэлгэе.
-Иргэн А мухар олгойн зовууриар /хэвлийн баруун доод хэсгээр хатгах, бага зэрэг халуурах, аюулхай орчимд өвдөлт мэдрэгдэх, бөөлжих/ “В” нэртэй хувийн эмнэлэгт хандсан. Гэвч эмчийн үзлэгийн төлбөр болох 45,000 үйлчлүүлэгчээс авсан ч анхан шатны үзлэгээр тодорхой дүгнэлтэд хүрсэнгүй.
Иймд хэвийн ЭХО-д харуулахаар болж дахин 65,000 төгрөгийн төлбөр аван, үйлчилгээ үзүүлсэн боловч мухар олгой харагдахгүй байна хэмээн оношлов. Иргэний зовуурь арилсангүй. Эмнэлэг дахин хэд хэдэн шинжилгээ авч, дусал тариа хийсэн ч үр дүнгээ өгсөнгүй. Энэ үйлчилгээндээ 114,000 төгрөгийн төлбөр авчээ.
Сүүлийн дүгнэлт “Хордлого”
Хамгий гол нь өвчтөний биеийн байдал сайжирсангүй, улам дордов. Хоёр өдөр өнгөрөөсөн тул улсын эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт очиход “Мухар олгой дотроо хагарсан байна. Яаралтай мэс засалд орох шаардлагатай” гэв.

Нэг эмнэлгийн зөвхөн мөнгө харсан чанаргүй үйлчилгээ залуухан иргэний амь насанд заналхийлсэн бодит кейс ийм.
Мэдээж онош тодорхой бус, өөрөө чадал мэдэл нь хүрэхгүй байж болно. Туршлага дутсан байж мэднэ. Гэхдээ “Би үнэхээр чадахгүй байна. Таны оношийг олсонгүй” гэдгээ хэлээд дараагийн шатлалын эмнэлэгт, тур тусмаа улсын томоохон эмнэлэгт очихыг зөвлөсөн бол байдал ийм дээрээ тулахгүй байсан. Азаар дээрх өвчтөн ам мөлтөс арга хэмжээ авч чадсанаар амь насанд тулсан эрсдэлийг даван гарч чадлаа. Үүний цаана харин чадваргүй эмч, ажилтны тухай яриа огт дурдагдахгүй, хариуцлага тооцох ямар ч дүрэм журам байдаггүй нь харин эмгэнэл болоод байна.
Өвчтөн дээрх зовуурьтай дахин 2-3 хоносон бол эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч, нарийн, бүдүүн гэдсээ тайруулах, цаашлаад амь насаа алдах өндөр эрсдэлтэй байсныг мэргэжлийн эмч нар хэлж буй.
Иймэрхүү жишээ дурдаад байвал хэдэн хуудас ч хөвөрч магадгүй. Хувийн эмнэлэгт очиж мөнгө санхүү, сэтгэл санаагаараа хохирсон иргэдийн холбоо байгуулбал тэр дороо монголчуудын тэн хагас нь элсч мэдэхээр байна.
Эрэлт байгаа дээр дөрөөлсөн хувийн эмнэлгийн бизнес сүүлийн жилүүдэд анхаарал татсан, асуудал дагуулсан сэдэв хэвээр байгаа ч үе үеийн сайд дарга нар дорвитой өөрчлөлт хийсэнгүй. Гагцхүү төрөөс олгох татаас, өнгө мөнгөний талаар яриад байхаас өвчтөнд хандах тэдний итгэл, сэтгэлийг мартлаа.
Хэдийгээр хурдан шуурхай, тав тухтай орчинд үйлчилж байгаа ч, мэргэжлийн ур чадварт өгөх үнэлгээ “0” байсаар байна.
