Арай дэндүү удлаа шүү дээ, Б.Найдалаа


“Ray-Ban Meta” ухаалаг нүдний шилээр ертөнцийг харах болсон Г.Занданшатар улсынхаа эрчим хүчний ирээдүйг арай өөрөөр төлөвлөх шинжтэй. Тэр Монголд тохирох атомын цахилгаан станц (АЦС)-ын судалгаа хийж, танилцуулах үүрэг Эрчим хүчний сайдад өглөө. Гэхдээ АЦС барих шийдвэр бол гаргасангүй. Алив бүхнээс айж, мэдэхгүй бүхнээ эсэргүүцдэг ард түмнээсээ тэр эмээдэг байх л даа.

Биднийг ардаасаа эхлээд сайд хүртлээ бүгд айж суух хооронд гадаадынхан усан дээр, шумбагч онгоц дотор АЦС байгуулах технологийг гартаа оруулаад, одоо сансарт реактор байгуулахаар уралдаж эхэллээ. ОХУ 2020 онд Хойд мөсөн далайн Певек хотод цагт 70 МВт цахилгаан, 50 Гкал дулаан үйлдвэрлэх, усан онгоц хэлбэртэй явуулын АЦС ашиглалтад оруулав. Шумбагч, мөс зүсэгч онгоцонд цөмийн реактор суурилуулан, “үл үзэгдэгч” болгоод 72 жил болж буй хүн төрөлхтөн одоо автомат жолоодлоготой цөмийн шумбагч бүтээж байна. ОХУ 2027 онд уг шумбагчаа ашиглалтад оруулна. АНУ-ын Сансрын агентлаг 2030 онд Саран дээр цөмийн реактор байгуулахаар зорьж байна.

Тэгтэл монголчууд бид 2 өвөл дараалан цахилгаан, дулаан, усаа таслуулж, идэр есийн хүйтэнд харанхуй, хүйтэн байрныхаа цахилгаан шатанд гацав. Арай дэндүү. 

Улаанбаатарыг бүтэн жил цахилгаан, дулаанаар тасралтгүй хангахад бидэнд ганц “Портер” шар нунтаг хэрэгтэй

Уг нь манайд АЦС-тай болоход асуудал алга. Шар нунтаг, газар нутаг, хэрэгцээ, АЦС барьж өгөх санал гээд бүгд бий. “За” гэж хэлэх л дутуу. Улаанбаатарыг бүтэн жил цахилгаан, дулаанаар тасралтгүй хангахад бидэнд ганц “Портер” шар нунтаг хэрэгтэй. 1 грамм уран шатаах уу, 3 тонн нүүрс шатаах уу гэдэг сонголт хийх цаг монголчуудын өмнө ирлээ.

Нар, салхи, нүүрс, уснаас одоо манай улс эрчим хүч гарган авч байгаа ч хэрэгцээ гарвал их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй. Нар гарах, салхи салхилахыг хүлээх болдог. Байгалиас хараат. Нар, салхины цахилгааныг хадгалах батерей ч алга. Байгалийн үзэгдлээс шалтгаалахгүй, байнга асар их эрчим хүч гаргадгаараа АЦС одоо Дэлхий нийтийн сонголт болоод байна.

Зөөвч-Овоо ордоос “Бадрах-Энержи” компанийн олборлож буй ураны 10%-ийг манай улс авахад л Улаанбаатарыг 66 жил цахилгаан, дулаанаар хангана гэдгийг судлаачид хэллээ. Ийм бэлэн түлшээ бид Европын 8 улсыг цахилгаанаар хангах түүхий эд болгон, илгээж байна. Байгаа юмаа өөрөө хэрэглэхгүй, түүнээсээ айгаад, хүнд өгчихдөг хүмүүс гэвэл лав л бид байна.

1 грамм уран шатаах уу, 3 тонн нүүрс шатаах уу гэдэг сонголт хийх цаг монголчуудын өмнө ирлээ

Уран олборлох тухай ярихаар айдаг, АЦС-ын тухай ярихаар эсэргүүцдэг атлаа урантай ус ууж, урантай агаараар амьсгалж, урантай хөрсөн дээр хүүхдээ тоглуулж, урантай жимс идэж, урантай хөөрөг барьж, урантай гурил идэж байгаагаа маш олон хүн мэддэггүй. Улаанбуудайн үрийг цацрагаар шарж, хортон үржихгүй болгон, агуулахад хадгалдаг. Жимсийг туяагаар шарж, хальсан дээрх хортонг нь устгадаг. “Алимны сайхан үнэр алга болчихжээ” гэж ээж, аав минь санагалздагийн учир ийм. Цагаан сараар хөөрөг барьсан эрчүүдэд “Байгалийн чулууг уранаар шарахад өнгө нь улам тодордог” гэж хэлэхэд “Шардаг газар хаана байна” гэж асуусан юм даг. 

Яг үнэндээ уранаас айдаг, уран олборлохыг эсэргүүцдэг хүн манай улсад тэгтлээ олон биш. Олонх нь энэ талаар мэдлэг тааруу учраас ямар байр суурь баримтлахаа мэдэхгүй яваа. Залуус бол уран олборлох, АЦС ашиглахаас ер жийрхэхгүй. “Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт” гэгчээр залуусын энэ талаарх мэдээлэл сайн, мэдлэг хамаагүй дөнгүүр. Цөөн хүн л уран олборлохыг эсэргүүцэн, төв талбайд үе үе жагсдаг. Хамгийн сүүлд 2025.01.17-нд ийм жагсаал болсон. Тэр өдөр “Бадрах-Энержи”, “Орано майнинг” компани хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан юм.

Жагсаал бол ардчилсан нийгэмд байдаг эрүүл үзэгдэл. Хэн ч үзэл бодлоо илэрхийлж болно. Тэглээ гээд УИХ, ЗГ тэр бүрээс дальдчиж, нийтийн эрх ашгийг орхигдуулж болохгүй. Найдвартай цахилгаан, дулаанаар хангуулах нь нийт монголчуудын эрх. Үүнийг л бодож, Монголд АЦС байгуулах шийдвэрийг ганц өдөр ч алдалгүй гаргах хэрэгтэй байна. Доор, дээргүй айж, арагш тавьсаар арай дэндүү удлаа шүү дээ, Б.Найдалаа!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *