АН өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа дараах мэдээллийг өглөө.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Манай намаас өгсөн албан шаардлагын хариу ирсэн. Шаардлагын хариуг товчхон дурдахад “АН-аас дэвшүүлсэн асуудлыг судалж үзэхэд үндэслэлтэй байна. Зөвхөн дэд сайд төдийгүй төрийн данхар бүтцийг цомхон болгох агуулгын хүрээнд шаардлагыг хүлээн авах боломжтой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжтой” гэсэн утгатай хариу ирсэн. АН-ын бүлэг сая энэхүү асуудлыг хэлэлцэж амжаагүй тул дараагийн хурлаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэх болно.
2-рт, УИХ-ын даргаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй гэдэг байр суурийг АН илэрхийлж, МАН-ын даргыг УИХ-ын дарга хавсран гүйцэтгэж байгаагаа больтол чуулганд оролцохгүй гэдэг шаардлагынхаа хүрээнд АН ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн нийтлэг асуултууд гарч ирлээ. Жишээ нь: “Өмнө нь ийм жишиг байсан. Тухайлбал М.Энхболд, З.Энхболд нар УИХ-ын дарга, намын даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан” гэж байна. Бид энэ буруу зүйлийг засах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ийм ч учраас бид Д.Амарбаясгалан даргыг УИХ-ын дарга байхад нь МАН-ын даргаар сонгогдох үед яг энэ байр сууриа илэрхийлж, ийм үйлдэл хийж байсан. Үүнийг бид зарчмын байр суурь гэж үзэж байгаа.
Буруу жишгийг тэр чигээр нь үргэлжлүүлбэл юу болдгийг нэр дурдсан дарга нарын засагласан жилүүд сануулдаг. АН-ын дарга УИХ-ын даргаар ажиллаж байхад төрийн хямрал болсон. Мөн түүнээс болж АН сонгуульд 3 удаа дараалан ялагдаж, Монгол Улс нэг намын дарангуйллын тогтолцоо руу шилжсэн. М.Энхболд УИХ-ын дарга болсноор 2017-2018 оны үед Монголын засаг, төрийн хямрал ямар үр дүнд хүрснийг мэдэж байгаа байх.
Буруу зүйлийг засаж залруулж, олон улсад байдаг зарчмын дагуу бодлого баримтлахгүй бол ямар үр дүн хүлээж байгааг өмнөх сургамж харуулж байна. Ийм учраас Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар ажиллаж байгаад, МАН-ын дарга болох үед бид энэ асуудлыг тавьсан. Энэ үйлдлийг бид зарчмын дагуу байр суурь гэж үзэж байгаа.
Жишээ нь: Англи улсад парламентын дарга намын дарга байх нь битгий хэл намын гишүүн байж ч болохгүй гэсэн шаардлага тавьдаг. Мөн онцгой тохиолдолд парламентын сонгуульд оролцохдоо өмнө нь байсан намаас нь ч нэр дэвшихийг хориглодог. Япон улсад мөн адил намын гишүүн байхыг хориглодог.
МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар сонгохдоо АН-ын бусад гишүүн болон намайг санал өгсөн гэдгийг зарим сэтгүүлч асууж байсан. Үүнд тайлбар хийхэд, УИХ-ын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд гарц гаргалгаа олохын тулд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилж, хуулийн төсөл өргөн барьсан. Бид улстөржсөн үйл ажиллагаа явуулаагүй. Бэлэн болсон хуулийн төслийг оруулж ирсэн. Бид гацаахын төлөө асуудалд хандаагүй. Харин боломж олгосон. Бидний өргөн барьсан хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх дараалалд ороогүй учир бид зарчмын шаардлага тавьсан. Мөн УИХ-ын чуулган эхлэхэд “Зарим нэг асуудлыг саатуулах гэж АН ийм зүйл хийж байгаа юм биш үү” гэж асууж байсан. Тийм биш. Үндсэн хуульд аль нэг намын дарга УИХ-ын даргаар ажиллахгүй байх нь зүйтэй гэсэн утга агуулга бүхий заалт байдаг. УИХ-ын даргыг сонгох нь ялсан намын дотоод асуудал биш. Харин УИХ-ын дэд даргаар хэнийг сонгох нь тухайн нам, эвслийн дотоод асуудал юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-АН-аас дэвшүүлж байгаа үзэл санаа нэг хүнд зориулсан үзэл биш ээ. Парламентын спикер гэх үг яагаад гарсан бэ гэхээр парламентын дарга өөрөө ярьдаг биш, парламентын гишүүдийг яриулдаг, тэдний дуу хоолойг түгээдэг хэрэгсэл гэдэг агуулгаар анх нэрлэсэн. Спикер өөрөө дуугардаггүй. Спикер бол хэрэгсэл, туслагч. Парламентын спикер парламентын дэгийг сахиулдаг, бусдыг яриулдаг, тусалдаг хүн. Мэтгэлцээнийг тал алдалгүй шүүж, дэмждэг хүн нь. Төлөөллөө хэрэгжүүлэх тэнцвэрийг хангаж, талцлаас ангид, намын улс төрөөс бие даасан парламентат ёсыг хангадаг хүнийг спикер гэж хэлдэг.
Монголчууд бид парламентыг, УИХ-ыг даргатай болгочихсон. Дарга гээд өөрийгөө бодчихоороо “Би эднийг төлөөлөх юм байна. Би эдний дарга юм байна. Би эдэнтэй дарга, цэргийн харилцаагаар явах ёстой” гэж эндүүрдэг болчихсон.
Парламент гэж юу вэ? Засгийн газар биш. Засгийн газар Ерөнхий сайд, сайдуудаас бүрддэг. Ерөнхий сайд сайдуудаа захирдаг, томилдог. Парламент бол яг ижилхэн эрхтэй 126 гишүүнээс бүрддэг. Спикер боллоо ч тэр 126-гийнхаа дарга биш, зөвхөн 1 нь.
Парламент 3 үндсэн үүрэгтэй. Төлөөлөх, хууль тогтоох, хянах. Нийгмийн нээлттэй дуу хоолой парламентад сонсогдож байх ёстой. Зөвхөн олонхын дуу хоолой биш. Хэт цөөнх байсан ч тэр дуу хоолой олонхтой ижил түвшинд сонсогдож байх ёстой гэдэг нь парламентат ёсны суурь зарчим. Дээр нь мэтгэлцээн. Тэр мэтгэлцээнийг дээр нь нэг намын дарга зохицуулаад явбал мэтгэлцээн огт байхгүй болно.
