Монголоос сансарт нисэх хүнийг сонгон шалгаруулах ажил 1977 оны 3-р сард эхэлжээ. Нисэгч шалгаруулах комисст ЗХУ-аас инженер, агаарын хөлгийн нисэгч мэргэжилтэй хүмүүсээс сонгон шалгаруулах чиглэл өгчээ. Комисс ийм мэргэжилтэй 10 мянган хүний материал судалсан байна. Тэндээс олон үзүүлэлтээр 30 хүнийг сонгож, эмнэлгийн нарийн шинжилгээ хийсэн аж. Тэгэхэд 4 хүн тэнцсэний 3 нь байлдааны нисэгч мэргэжилтэй, цэргийн дунд боловсролтой хүн байлаа.
1977 оны 8-р сард олон улсын сансрын нислэгийн “Интеркосмос” байгууллагын хурал Улаанбаатарт болж, Монголоос шалгаруулсан 4 хүнтэй уулзаад, 3-ыг нь мэргэжил, боловсролоор тэнцэхгүй гэж хасаад, дахин 3 хүн олох зөвлөмж өгчээ. Тэнцсэн ганц хүн нь Д.Сүрэнхорлоо.
Ингээд Нисэгч шалгаруулах комисс 13 хүнийг шалгаруулалтад оруулж, I эмнэлэгт эрүүл мэндийн нарийн үзлэг хийлгэж, М.Ганзориг, С.Сайнцог, Ж.Гүррагчаа нарыг авчээ. Тэдний 3 нь цэргийн, 1 нь энгийн иргэн байв.
Тэдний нэг Үйлчилгээний гавьяат ажилтан, хурандаа, сансрын нисэгч С.Сайнцогтой ярилцлаа.
-Та Оддын хотхонд хэр удаан бэлтгэл хийсэн бэ?
-Нэг их удаагүй. Сар гаруй бэлтгэл хийсэн. Сансрын бүхээгт яаж ажиллах, жингүйдлийн орчинд бие организм хэрхэн өөрчлөгддөг гээд бүхий л сорилт туршилтад орсон. 17 градусын налуу орон дээр толгойгоо доош нь харуулж хэвтээд, хоолоо иднэ. Ингэхэд хүний толгойд цус хуралдана. Нүд улайж, нүүр чинэрнэ. Ийм нөхцөлд хэр хурдан дасан зохицох нь вэ гэдгийг нь тандана. 2-3 хоноод гайгүй болчхож байсан. Хүчтэй чичиргээ доргионы үед хүний дотор эрхтэнд өөрчлөлт гарах эсэхийг туршдаг. Бидэнд нэг их өөрчлөлт гарч байгаагүй. Хар багаасаа морь унаж өссөнтэй холбоотой байх. Тэр үеийн машин, манай зам ямар билээ. Тэр бүхэн нөлөөлсөн гэж боддог.
-Сансарт нисэхийн тулд маш хүнд бэлтгэл хийдэг юм байна лээ. Тийм бэлтгэл хийсэн нь таны амьдралд яаж хэрэг болов?
-Ер нь хамгийн 1-р шаардлага бол биеийн эрүүл мэнд шүү дээ. 50 жилийн өмнө Монгол хамгийн эрүүл 4 хүнээ сонгосон нь өнөөдөр харагдахаар байна л даа. Хэдийгээр 2 маань бурхны оронд явсан ч гэсэн.
Бэлтгэл сургуулилалт бол үнэхээрийн хүнд. Тэрэнтэй ярих юм байхгүй. 9 эрүү гэдэг чинь цаашаа эд шүү дээ. Энэ бол амь дүйсэн, эр зоригийн, мэдлэг, чадварын, хариуцлага, сахилгын асуудал.
-Сансарт нисэх 4 хүнийг шалгаруулах гэж, дараа нь 1 нисэгч сонгох гэж бөөн юм болсон тухай хүмүүс ярьдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Сансрын нисэгчдийг анх 10 мянга гаруй хүнээс сонгосон. Ажил, мэргэжил, зан харилцаа, орос хэлний мэдлэг, эрүүл мэнд гээд юу байдаг юм, бүх юмыг шалгасан. Тэр олон хүнээс шигшиж явсаар дөрвүүлээ үлдсэн. Дөрвүүлээ байдгийн учир юу гэхээр дублёр (зэрэгцээ, туслах ) баг байх ёстой гэж үздэг. Эцэст нь 2 хүн сонгодог нь 2 баг бэлтгэсэн. 1 багт Монголын 1, Зөвлөлтийн 1 нисэгч байна. 4-өөс 2-ыг нь авч нисэх ёстой гэсэн юм. Мэдээж хэрэг судалгаа, шинжилгээ, бэлтгэлийн явцад үзүүлсэн эмнэлэг-биологийн үзүүлэлт, тодорхой хэмжээнд Одон орон судлалын төвд ажилласан, эрдэмтэн мэргэдийн ном лекц сонссон гэх мэт янз янзын шаардлага байсан л даа. Биеийн хүчний бэлтгэл ч их хийлгэсэн. Энэ бүхнээс 4-үүлээ шалгараад ОХУ руу явсан. Яг хэн нисэх вэ гэдэг дээр монголчууд таамаг дэвшүүлж байсан л байх. Эцсийн эцэст “Монгол хүн сансарт нисэх ёстой” гэсэн хүсэл 1-рт байсан.
1978-1981 он хүртэл 3 жил бэлтгэл хийсэн. Сонгогдсон 2-оос хэн нь нисэх вэ гэдгийг тэр бэлтгэл сургуулилалтыг удирдаж, хариуцсан хүмүүс буюу Зөвлөлтийн Сансрын нисэгч бэлтгэх төвийн удирдлага, багш мэргэжилтнүүд сонгоно шүү дээ. Тэдний дүгнэлтэд л тулгуурлаж шийдвэр гарсан байх.
Тэрнээс Монголд бол тэр нисээсэй, энэ нисээсэй, энэ аймгийнх, тэр аймгийнх нисээсэй гэсэн юм байгаагүй байх. Зарим нэг нөхдөд маань “Би нисэх юм сан гэсэн хүсэл” бас байсан л байлгүй. Хүн бүхэнд л байдаг юм чинь. Гэхдээ л сонголтыг ЗХУ-ын тал, Сансрын нисэгчдийг бэлтгэх төв хийсэн.
-Тухайн үед та юу бодож байсан бэ?
-Би юу бодох вэ. Тийм том үйл хэрэгт оролцоно гэдэг чинь өөрөө яаж ч мартаж болохгүй том амжилт шүү дээ. Хэдийгээр тэр үеийн ЗХУ-ын программын дагуу ганцхан хүн нисэх байсан ч. Сонголт бол зөв болсон. Тэрний үр шим өнөөдөр харагдаж байна. Бүхэл бүтэн 50 жилийн туршид төр түмнийхээ итгэл найдварыг дааж, хийгүй, ийм сайхан алдар нэрийг зүүж явна гэдэг чинь зөв сонголтын л үр дүн. Тэгэхэд олимпын аварга маань юу боллоо доо, тийм ээ? Тэрэнтэй харьцуулбал энэ бол хэмжээлшгүй том юм шүү дээ.
-Тухайн үед Ж.Гүррагчаа баатрыг сансарт нисэж байхад та газарт юу хийж байсан бэ?
-Би цэргийн хүн. Цэргийнхээ л ажлыг хийж байсан. Урд хилд хээрийн сургуулилалтад оролцоод, Ж.Ёндон генералтай хамт явж байсан.
-Тэнгэр лүү их харсан уу?
-Харалгүй яах вэ.
-Ямар харагдаж байсан бэ?
-Мэдээжийн хэрэг шүү дээ, сайхан харагдана. Тэр сайхан буянтай үйлсэд сайн сайхныг хүсэх ёстой. Сайн сайхан бүхэн биелэх ёстой гэдэг л монгол хүний зөн билгээр ерөөж л явна шүү дээ. Тийм л байсан. 45 жилийн дараа өнөөдөр сайхан л явж байна. Тийм биз дээ. Би тэгж л боддог.
–Сансрыг хүн төрөлхтөн яаж ашиглах бол. Амьдрал байж болох өөр гариг хайгаад л байна. Дэлхийгээс өөр гаригт хүн амьдарч чадна гэж та бодож байна уу?
-Орчин үед ерөөсөөсөө болохгүй юм байхгүй болсон. Шинжлэх ухаан, техникийн хөгжил, тэр дундаа сансар судлалын шинжлэх ухаан, од гаригс судлал, ер нь Дэлхийн шинжлэх ухааны хөгжил асар өндөр түвшинд хүрсэн. Шинжлэх ухааны ололтыг хэрэгжүүлэх арга зам аль хэдийнэ бий болсон байна. Гагцхүү хэзээ, яаж гэдэг нь л одоо тодорхойгүй байна. Дэлхийтэй адил төстэй уур амьсгалтай од эрхэс илэрч байна. Хамгийн ойрхон байгаа Дэлхийн дагуул Сарныхаа асуудлыг бид одоо өшөө нарийвчилж үзэж байна шүү дээ. Сарны цаад тал ямар вэ гэх мэтчилэнгээр.
Ойрын ирээдүйд хэрэв элдэв шалдав шалтгаанаар хөрөнгө мөнгөө Дэлхийн дайндаа зарцуулаад байхгүй бол, шинжлэх ухаан хөгжилдөө хөрөнгөө зарж, оюун ухаанаа уралдуулбал өөр гаригт амьдрал зохиох боломж нөхцөлийг биелүүлж чадна л гэж бодож байгаа. Урд хөрш маань нэлээн том дэвшилд хүрчхээд байна. Дэлхийн тойрог замд, өөр гараг дээр сансрын хотхон барих боломжийг судлаад эхэлчихсэн. Ингэж бодохоор өнөөдөр аливаа юмыг “Тэр бүтэхгүй” гэж хэлэх аргагүй болсон. Тэр нь сайхан байна.
–Сансарт монгол хүн орос нисэгчдийг борцтой шөлөөр дайлжээ. Та борц хэр хэрэглэдэг вэ?
-Аль эртнээс монголчууд Дэлхийн талыг эзэлж явахдаа борцоороо бүх хоолоо шийдэж явсан улс шүү дээ. Баахан хоол хүнс, сав суулга чирээд, хангир жингэр хийлгээд явж байдаг юм байхгүй. Аягандаа ус, борцоо хийгээд, гал дээр улайтгасан чулуу аягандаа хийж буцалгаад, хооллочихдог байсан түүхтэй улс шүү дээ.
Монгол хүний хүнд нөхцөл байдалд дасан зохицох чадвар асар өндөр. Эрс тэс уур амьсгалтай энэ байгальд төрж өсөж, амьдарч яваа хүний бие организмыг дулаан орны фудволк, шортноос өөр юм өмсөхгүй явдаг газрынхантай яаж зүйрлэх вэ дээ. Монгол хүн тундрт ч, Антарктидад ч, Африкийн халуунд ч амьдарч чадна. Үнэхээрийн гайхамшигтай бие организмтэй улс даа, монгол хүмүүс.
-Сансарт монголчууд чацаргана туршжээ. Тэр цагаас Монгол даяараа чацаргана их хэрэглэдэг болсон юмаа даа?
-Яг нарийндаа бол чацаргана 1981 оноос өмнө манайд нэг их дэлгэрээгүй байсан юм. Чацарганы өвөрмөц бүтэц, эмчилгээний чанарыг манай судлаачид шинжилж судлаад, хүний бие организм ачаалал авахгүй нөхцөлд ачааллаар хангаж чадахыг нь илрүүлсэн. Хамтарсан нислэгээс хойш чацарганы тухай өргөн дэлгэр ярьдаг, өргөн ашигладаг болсон.
Өмнө нь Алтайн хязгаарт л чацаргана гэж ярьдаг байсан бол тэр цагаас Монголд айл бүрийн хашаанд чацаргана ургаж байна. Гэртээ чацарганы ундаагаа өөрсдөө хийгээд ууж байна. Чацаргана бол монголчуудын өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг, сайхан ундаа болсон. Эмчилгээнд ч хэрэглэж байна.
Манай хашаанд чацарганы 50, 60-аад мод бий. Нэлээн их жимс өгнө. Өвлийн турш хэрэглэдэг. Хураах л жаахан төвөгтэй байдаг юм. Өндөгний цусны шинжилгээ нэг хоёр өгөөд, заримдаа дургүй хүрээд түүхээ больдог юм. Хүүхэд шуухад түүсээр байгаад зөндөө чацаргана хураадаг.
-Сансрын технологи асар их хөгжиж байгаа энэ үед хүүхэд, залууст та юу гэж хэлэх вэ?
-Сансрын шинжлэх ухааны ололт, амжилтыг хэрэглээгүй хүн байхгүй болсон. Зөвхөн холбооны системийг бодъё. Ертөнцөөс авч байгаа мэдээллийн цар хүрээ асар өргөн байна. Монголчууд түүнээс өдөр тутам авч байна. Үүнийг хойч үеийнхэн, хүүхэд залуус маань өргөн хэрэглэж, оюун ухаанаа улс орныхоо хөгжилд зориулаасай. Тэрэнд өөрийгөө бэлтгэж, дайчилж ажиллаасай.
Манай улс ч өнөөдөр сансар судлалын салбарт өөрийн гэсэн үндэсний мэргэжилтнүүдтэй болсон. Үр ашгийг нь ахуйдаа хэрэглэж сурсан. Цаашдаа ч сансар судлах том арми бий боллоо. Монгол хүүхдүүд маань энэ армийг өшөө том болгож, монголчуудын оюуны цар хүрээг тэлэхэд гар бие оролцоосой.
–Манай улс сансрын талаар асар том зорилт тавьж, сансрын үндэсний хөтөлбөртэй болсон. Энэ нь мянгуужингийн үлгэр болчих болов уу, яах бол?
-Монгол хүн чинь нэг амласан, зорьсон бол биелүүлдэг улс шүү дээ. Биелүүлэх боломж нөхцөл нь байгаа. Цаг зуурын, завсрын юманд цаг хугацаа, хөрөнгөө дэмий зарцуулахгүй л байгаасай.
-Энийг асуух гээд халгаад чадахгүй байсан юм л даа. Сансрын нисэгч сонгох болоход “Би нисэх юм сан” гэж та бодсон уу?
-Орчин үеийн шинжлэх ухааны хөгжил өндөр болчихлоо. 10-аад жилийн өмнө 77 настай хүн сансарт ниссэн. Өвгөн хүн нисэх боломж, хөрөнгө мөнгө олдвол би ниснэ. Одоо бол бараг нисээд ирсэнтэй адил болчихлоо доо.
-Сансрын жуулчлал гэдэг зүйл хүртэл бий болчихлоо.
-Тийм. Сансарт жуулчилж болж байна. Бүх боломж, нөхцөл байна. Хөрөнгө нь байгаад бие нь дийлж байвал болохгүй юм байхгүй л байна.
Ж.Гүррагчаа: Америкийн сансрын нисэгч Жон Гленн 1998 онд 77 настайдаа сансарт ниссэн. Тийм учраас би найзыгаа бэлдэж байгаа. Хамгийн өндөр настайдаа сансарт ниссэн нисэгч болж, түүхэнд бичигдэх юм. 80 гарсан хойноо ниснэ ээ.
–Би ч гэсэн сансарт нисэх юм сан гэж мөрөөддөг шүү?
Ж.Гүррагчаа: Болохгүй юм юу байх вэ дээ. Болдог болсон.
