Ч.Хишигдалай: Шатахууны үнийг 1000 төгрөгөөр нэмэх санал ирүүлсэн


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай өнөөдөр /2026.3.23/ сэтгүүлчдэд шатахууны үнийн талаар мэдээлэл өглөө.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай:

-Сар бүрийн 4 болон 25-нд гол нийлүүлэгчдээс үнийн санал ирдэг. Уг санал ирсний дараа Үнийн зөвлөлийг хуралдуулахаар төлөвлөж байна. Сар бүрийн 25-нд манай гол нийлүүлэгч ОХУ-аас үнийн санал ирдэг. Үүний дараа хуралддаг юм.

Бид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр худалдаж авдаг. АИ-92 шатахууны үнийг тодорхой хэмжээнд тогтворжуулах гэрээтэй. Бусад шатахууны хувьд олон улсын зах зээлийн үнээр худалдан авч байна. Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт орох нь ойлгомжтой болсон.

-Үнийн зөвлөл яг хэзээ хуралдах юм бол?

-Үнийн зөвлөл 2026.03.26-нд хуралдах болов уу. Үнийн өөрчлөлт, зөрүү их байгаа тул үнийг бага хэмжээгээр нэмэх нь зүйтэй гэсэн саналыг аж ахуйн нэгжүүд гаргаж байна. Гэхдээ ирэх сард нийлүүлэх шатахууны үнийн саналыг хараахан аваагүй байгаа учраас энэ асуудлыг түр хойшлуулсан.

-Үнийг дунджаар хэдэн төгрөгөөр нэмэх бол?

-4 дүгээр сарын үнийн санал хараахан ирээгүй байгаа ч үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Аж ахуйн нэгжүүд дунджаар 1000 төгрөгөөр нэмэх санал ирүүлсэн. Гаалийн албан татварыг 5 хувь хүртэл зохицуулах боломжийг Засгийн газрын холбогдох тогтоолд тусгасан. Гэвч энэ нь зөвхөн 5 хувийн зохицуулалтын тухай юм. Харин бодит байдал дээр Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 60-70 хувь өссөн. Үнийн өсөлтийн нөлөөг иргэд, аж ахуйн нэгжүүдэд аль болох бага мэдрүүлэх арга хэмжээ авч байна.

-Манай улсын шатахууны нөөц хэр байгаа вэ?

-АИ-92 шатахуун 41 хоногийн, дизель түлш 21 хоногийн нөөцтэй байна. Тасалдах, хомсдох эрсдэл одоогоор байхгүй.

-Шатахууны нөөцлөх саваа нэмэхээр бүтэн жил ярьж байна. Энэ асуудал юу болж байна вэ?

-Бид газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байх шаардлагатай. Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад газрын тосны бүтээгдэхүүнийг маш бага хэмжээгээр нөөцөлдөг. Үүнийг нэмэхийн тулд богино хугацаанд аж ахуйн нэгжүүдийг дэмжих шаардлагатай байна. Үүнд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн агуулах барих ажлыг эрчимжүүлж байна. Энэ онд багтаан, ойролцоогоор 150 мянган шоо метр багтаамжтай агуулах нэмж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *