Туулын хурдны замын байгаль орчны үнэлгээний тайлан үнэн 


Нийслэлд өдөрт 450-650 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, энэ хэрээр түгжрэл үүсдэг. “Түгжрэл бууруулахад ихээхэн түлхэц болно” хэмээн сүүлийн үед танилцуулж буй томоохон төслийн нэг Туулын хурдны замын бодит үнэн юу вэ? Time.mn энэ удаад уг сэдвийг хөндөж байна. 

Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж, замын ачаалал 13.5 хувиар буурна. Нийт авто замын түгжрэлийг бууруулахад 30 хувиар нөлөөлнө гэж тооцжээ. Төсөвт өртөг нь 2.3 их наяд төгрөг.

Гэхдээ бүтээн байгуулалт тойрсон элдэв дуулиан, шуугиан ид өрнөж байна. Шүүмжлэл, талархал аль аль нь нийгмийн сүлжээнд түгсэн. Тэр дундаа Туулын хурдны замыг барихын тулд гол дагасан бургасыг зөвшөөрөлгүй хядсан, цаашлаад Туул голын урсац муудаж, шургах вий гэх мэт сэрэмжилсэн мэдээллүүд хөврөх боллоо.

Иймд Туулын хурдны замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар мэргэжлийн байгууллагууд ямар ч дүгнэлт гаргаж, хэрхэн ажилласан бол? Байгаль орчны үнэлгээ бодитой эсэхэд хариулт хайв.  

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

Тус автозамыг барихын тулд эхлээд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх ёстой. Тухайн төслийг хэрэгжүүлэхээс өмнө уг бүтээн байгуулалт байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд сөрөг яаж нөлөөлөхийг урьдчилан тооцож, уг нөлөөг хамгийн бага байлгах аргыг төлөвлөдөг чухал ач холбогдолтой судалгаа, тооцоонд үндэслэсэн баримт бичиг юм.

Харин Туулын хурдны зам төслийн төлөв байдлын үнэлгээ, мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бодит эсэхэд эргэлзэхэд хүргэсэн нэг мэдээлэл тархаж эхэлсэн. Энэ нь Туулын хурдны замын техник, эдийн засгийн үзүүлэлт гэх баримт бичигт замын төлөв байдлын үнэлгээнд оролцсон хэмээн нэр дурдагдсан инженерүүдээс 2 нь уг үнэлгээг хийхэд оролцоогүй, гарын үсэг зураагүй гэж мэдэгдээд буй.

Тус инженерүүдийн 1 болох ой судлаач Д.Мөнх-Эрдэнэ “Монгазар-Экологи” компаниас гаргасан ямар ч нотлох баримтад би оролцоогүй. Хүмүүсийн дунд Туулын хурдны зам төслийн байгаль орчны үнэлгээ худал гэх ойлголт төрсөн. Шууд ингэж ойлгож болохгүй. Учир нь байгаль орчны үнэлгээнээс эхэлж, төлөв байдлын үнэлгээг хийх ёстой. Нэр, гарын үсгийг хуурамчаар ашигласан компани хариуцлага хүлээнэ биз” гэлээ.

Харин “Монгазар-Экологи” ХХК-ийн захирал Г.Болдбаяр “Туулын хурдны замын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ буюу суурь судалгааг гүйцэтгэсэн. Төлөв байдлын үнэлгээг хийхдээ тухайн төсөлд эрдэмтэн судлаачидтай хамтран ажилласан. Суурь судалгаа хийх үед 2 судлаач тодорхой шалтгааны улмаас тус төсөлд оролцох боломжгүй гэж мэдэгдсэн. Иймд оролцоогүй” хэмээв.

ТУУЛ ГОЛД СУУЛГАХ БАГАНУУД УСНЫ УРСАЦАД НӨЛӨӨЛӨХГҮЙ

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн инженер Ш.Баранчулуун “30 гаран метрийн гүнд тулгуур багануудыг суулгадаг. Мөн эдгээр багана гол дотор хөндлөн сууна. Баганыг Туул голын голдирол, захыг дагуулан суулгах учир усны урсацад нөлөөлөхгүй. Төслийн хүрээнд 10 метр өргөнтэй зурвас зам гаргаж байгаа. 3.9 га газрын бургасыг огтлохоос өөр аргагүй. Эдгээр гүүрэн байгууламжийг барьж дууссаны дараа бургасан шугуйг нөхөн сэргээнэ.

Туулын бургас нэлээн урт настай. Сүүлийн 30 жилд Туулын бургасыг эрүүлжүүлж, залуужуулах ажил хийгээгүй. Бургасан шугуйн 30-40 хувь нь нахиалахаа больсон. Тэгэхээр одоо тайрсан бургас зам тавиад дууссаны дараа, 5-7 жилийн дараа нөхөн сэргэчихнэ. Туул гол урсдагаараа урсана” гэж тайлбарлалаа.

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ШИНЭЧИЛСЭН ЗУРАГ ТӨСӨЛ ИРЭЭГҮЙ УЧИР НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Усны газрын дарга З.Батбаяр “Бидэнд Туулын хурдны замын техник, эдийн засгийн үндэслэл, шинэчилсэн зураг төслийг ирүүлэх ёстой. Өнөөдрийг хүртэл ирээгүй. Би энэ ажлыг эсэргүүцээгүй. Туулын хурдны зам 32 километр байх юм. Үүнээс 11 километр нь голд орно. Тиймээс баганын гүний хэмжээг ирүүлээгүй байгаа. Зураг төслөө ирүүлж, геологи, геофизикийн нарийвчилсан үнэлгээ хийх ёстой. Энэ асуудлаар Усны нөөцийн зөвлөл 3-р сарын 26-нд хуралдана” гэлээ.

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН АЖЛЫГ ХИЙХДЭЭ ҮЕРИЙН ДАЛАНГУУДЫг СЭТЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖЭЭ

Тэгвэл БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайланг танилцуулсан юм. Тус үнэлгээг “Тэкол” компани хийжээ. Харин уг үнэлгээг Усны газарт хүргүүлээгүй байгаа шалтгааныг хэлж мэдэхгүй гэж тус компанийнхан хариуллаа.

Автозамын трасст өртөх үерийн далангийн байршлыг зурагт харуулжээ.

Туулын хурдны зам төслийн хүрээнд нийт учрах хохирлын хэмжээг 1.5 тэрбум төгрөг хэмээн тооцжээ. Үүнээс зөвхөн мод, бут, сөөгийн үнэлгээ нь 805 сая төгрөг

  • Тухайн үерийн даланг барилгын ажлын үед сэтлэх эсвэл нураах тохиолдолд ойр байрлах орон сууц болон аж ахуйн нэгжийн талбай руу үерийн ус орох эрсдэлтэй.
  • Зайсан, Яармаг, Маршал, Сонсголонгийн гүүр орчмын үерийн далангуудыг барилгын ажлын үед сэтлэхгүй байхыг зөвлөжээ. Үерийн даланг эвдэж, сэтэлсэн тохиолдод ДЦС-ын үндсэн сангийн талбай, Яармагийн гүүр, ойр байрлах үйлдвэрүүд, Зайсангийн гүүрний хойно байрлах хотхонууд явган хүний болон автозам үерт өртөх эрсдэлтэй,
  • Түүнчлэн үерийн ус хяналтгүй тархах, байгалийн ус зайлуулах тогтолцоо алдагдах, ойр орчмын инженерийн байгууламж усанд автах эрсдэл нэмэгдэх нөхцөл бүрдэх,
  • Цаашлаад хөрсний элэгдэл, эвдрэл эрчимжих, үржил шимт хөрсний давхарга угаагдах,
  • Хөрсний бүтэц алдагдаж, дахин ашиглах боломж буурах усны булингар нэмэгдэх, шавар лаг үүсэх, автозам, дэд бүтцийн байгууламж эвдрэх, айлуудын хашаа, байшин эвдрэх, барилгын ажлын хугацаа сунжрах, зардал нэмэгдэх эрсдэл байгаа юм.

Эдгээрт өндөр ач холбогдол өгч, эрсдэлийг бууруулах арга хэмжээ аваагүй тохиолдолд ноцтой хохирол учруулах магадлалтайг нарийвчилсан дүгнэлтэд удаа дараа дурджээ.

Мөн Байгаль орчны газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргүүлсэн дүгнэлтэд Туулын хурдны зам төслийн хүрээнд учрах нийт хохирлын хэмжээ1 тэрбум 805 сая төгрөг хэмээн тооцжээ. Үүнээс зөвхөн мод, бут, сөөгийн үнэлгээ нь 805 сая.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга  Д.Алтанзул “Бид ерөнхий үнэлгээг хийж, засвартай буцаасан. Ерөнхий үнэлгээгээр бид  Зайсангийн даланг хүчитгэх асуудлыг ярьсан. Туулын хурдны замыг барьснаар эдийн засаг, хүн, амьтанд учрах хохирлыг түлхүү авч хэлэлцсэн. Учирч болох эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг зөвлөсөн. Мөн багана суурилуулахад голын голдирол, технологийг өөрчлөхгүй байхыг зөвлөсөн. Цаашлаад сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөөд байна” гэсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *