Колумбын агаарын хүчний онгоц осолдож, 66 хүн амиа алджээ


Колумбын Агаарын хүчний нисдэг онгоц хөөрөөд удаагүй байхдаа осолдсоны улмаас 66 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтжээ. АНУ-ын “Lockheed Martin” компанид үйлдвэрлэсэн, цэрэг зөөхөд ашигладаг “C-130 Hercules” нэртэй тус онгоц Колумбын өмнөд хэсгийн Амазон мужийн гүнд Перу улстай хиллэдэг Пуэрто Легисамо хотоос хөөрсөн боловч удалгүй осолдсон байна.

Колумбын Агаарын хүчний командлагч Карлос Фернандо Силва Рьюда тухайн онгоцонд 114 цэрэг, агаарын хүчний багийн 11 гишүүн байсан гэж мэдээллээ. Яаралтай тусламжийн багийнхан осол болсон тухайн бүсийн ойролцоо амьд үлдсэн байж магадгүй хүмүүсийг хайж байна. Эрх баригчид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

Колумбын Батлан хамгаалах яамны сайд Педро Санчес тухайн онгоцны осолд гүн эмгэнэл илэрхийлж, “Улс орны хувьд хүнд гарз тохиолоо” хэмээн мэдэгджээ. Үүний дараа Педро Санчес тухайн онгоцонд гал гарсны улмаас онгоцонд тээвэрлэж явсан тэсрэх бодис дэлбэрсэн гэж мэдэгджээ. Энэ нь тус улсын Агаарын хүчний түүхэнд тохиосон хамгийн том гарз хохирлын нэг болсон байна.

Мөн өнгөрсөн сард Болив улсын Агаарын хүчний “C-130 Hercules” онгоц осолдож, 20 хүн амиа алдаж байв.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *