Дайны улмаас зарим улсын иргэдийг Австрали хилээрээ нэвтрүүлэхгүй


Ойрх Дорнод дахь дайны улмаас Австрали руу зорчих зарим улсын иргэдийг тодорхой хугацаанд хил нэвтрүүлэхгүй байхаар Австралийн холбооны улсын шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тус улсын Иргэншлийн асуудал эрхэлсэн дэд сайд Жулиан Хилл дайн эхэлснээс ердөө 10 хоногийн дараа уг хуулийн төслийг парламентад өргөн барьж, 2026 оны 3 дугаар сарын 14-ний өдөр баталсан байна.

Тэрээр “Уг нэмэлт, өөрчлөлт нь Австралийн цагаачлалын тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэж байна” хэмээн, дайны нөхцөл байдалд Засгийн газраас зохих хариу арга хэмжээ авах, Австралид зорчих зарим улсын иргэдэд түр хугацааны хязгаарлалт тогтоох нь чухал талаар онцолжээ.

Уг хуульд хязгаарлалт тавих улс орнуудын нэрсийг дурдаагүй хэдий ч аялах, хөдөлмөр эрхлэх, суралцах зорилгоор түр ирэгчийн виз авсан иргэдийг 6 сар хүртэлх хугацаанд хил нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авахаар болсон байна.

Энэ хууль хүчинтэй болох цагаас өмнө Австралид оршин сууж байсан гадаадын иргэдэд уг хязгаарлалт үйлчлэхгүй. Тухайн иргэний төрсөн хүүхэд, эсвэл ойрын гэр бүлийн гишүүн нь Австралийн иргэн бол уг хязгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой гэж ГИХГ мэдээллээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *