Бразилын Рио-де-Жанейро хотод Дэлхийн хамгийн том мэрэгч амьтан болох капибараг онц хэрцгийгээр зодож гэмтээсэн 8 хүнийг цагдаа нар баривчилжээ. Капибара буюу Hydrochoerus hydrochaeris гэдэг энэ амьтан далайн том гахайтай төстэй. Дэлхийн хамгийн том мэрэгч амьтанд тооцогддог. Капибаранууд тус хотод, ялангуяа усны ойролцоо тэнүүчилж харагддаг аж.
8 этгээд капибараг хэрцгийгээр зодсон тус хэрэг өнгөрсөн бямба гаргийн үүрээр Рио-де-Жанейро хотын Илха ду Говернадор дүүрэгт гарсан байна. Тэд уг амьтныг мод, төмөр саваагаар зодож байгаа бичлэг хяналтын камерт үлджээ.
Илха ду Говернадор дүүргийн Цагдаагийн газрын дарга Фелип Санторо “Энэ бол маш харгис хэрцгий хэрэг. Тэр амьтан тэдэнд ямар ч аюул учруулаагүй байхад зориудаар зодсон” гэж хэрэгтнүүдийг буруутгасан байна. Капибараг зодсон 8 хүний 2 нь насанд хүрээгүй хүүхэд.
Тэрхүү 65 кг жинтэй, эр капибараг мал, амьтны эмнэлэгт аваачсан гэж эрх баригчид мэдээлсэн байна. “Капибара толгойдоо хүнд гэмтэл авч, зүүн нүднийх нь ойролцоо дотуур цус алдсан. Нуруундаа хэд хэдэн гэмтэл авсан” гэж мал эмнэлгийн эмч Жеферсон Пирес мэдээлжээ.
Энэ оны 1-р сард мөн Бразилд өсвөр насны хүүхдүүд золбин нохой зодож алсан хэрэг гарч, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм.
Эх сурвалж: The Guardian
