Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан манай улс иргэний нисэх, төмөр зам, автотээврийн салбарт шатахуун нөөцөлж, шатахуунаар таслахгүй байхад анхаарч байна.
Олон улсын нөхцөл байдлын Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг зөв тооцож, Засгийн газрын харьяа бүх байгууллага төсөв, санхүү хэмнэх горимд шилжин ажиллаж эхэллээ. Байгууллагууд дотоод албан томилолт болон сургалтын зардлыг түр хугацаанд танана. Нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшууллыг зогсоолоо. Зарим хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулах замаар болзошгүй эрсдэлд бэлэн байдлыг хангаж ажиллахыг өчигдөр ЗГ чиглэл болголоо. Үүний дагуу бүх яам, агентлаг, тэдгээрийн харьяа байгууллагууд өнөөдрөөс хэмнэлтийн горимд шилжиж байна.
Ялангуяа агаарын тээврийн салбарт шаардлагатай түлшийг бүрэн нөөцлөх шаардлагатай онцолж, “МИАТ” ТӨХК-ийн одоогийн болон цаашдын түлшний хэрэгцээ, нөөцийн төлөвлөгөөг танилцуулж, зохих арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.
”МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд оны эхнээс хойш 914 нислэг үйлдэж, 252 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2-3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин олон улсын нөхцөл байдлаас үүдэн сүүлийн хоёр сард ачаа тээврийн хэмжээ буурсан үзүүлэлттэй байна. Франкфурт, Нарита, Хонконг чиглэлийн транзит зорчигчдын тоо өсөх хандлагатай байгааг хэллээ.
МИАТ компани “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-д өгөх 2025 оны олон улсын нислэгийн буулт, хөөрөлтийн хураамжийн тооцоог бүрэн барагдуулсан байна. Гэсэн хэдий ч олон улсын зах зээлд шатахууны үнэ, онгоцны түрээс, зарим татвар нэмэгдэж байгаа нь тийзийн үнэд нөлөөлөх эрсдэлтэй байгаа аж.
