УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй. Тус намаас байгуулсан хамтарсан Засгийн газар ХҮН, ИЗНН-ын дэмжлэгтэй. Тэдний 12 гишүүнийг нэмээд УИХ-д МАН, ХҮН, ИЗНН 80 гишүүнтэй. Ийм ирцтэйгээр Н.Учрал УИХ-ын байнгын хороод, чуулганыг хуралдуулж чадна. ХҮН, ИЗНН-ыг царайчлахгүйгээр МАН-ын бүлэг 68 гишүүнээ цуглуулахад л байнгын хороод, чуулган ямар ч асуудалгүй хуралдана. Бүх хурлаа цагтаа эхлүүлж, гишүүдийнхаа гарыг ярсхийтэл өргүүлэн, хууль баталж бас чадна.
Гэвч чаддаггүй ээ. Н.Учралын чадал хүрдэггүй ээ. Чадал нь хүрэхгүй байгааг олон нийт харж байхад, парламентын ирц бүрдэхгүй байгааг АН-ын бүлэг рүү бухаж сууна. “Ичсэн хүн хүн ална” гэж үүнийг хэлдэг юм л даа.
Гишүүдээ хуралд нь суулгаж чадахгүй яваа буруугаа тэр өөрөөс биш өрөөлөөс хайж, ойрыг барахгүй, хол явахгүй улстөрч гэдгээ харуулав
Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүдээ ажилд нь ирүүлж, хуралд нь суулгаж чадахгүй яваа буруугаа тэр өөрөөс биш өрөөлөөс хайж, ойрыг барахгүй, хол явахгүй улстөрч гэдгээ харуулав.
УИХ-ын хаврын чуулган 3-р сарын 16-нд нээлтээ хийсэн. Түүнээс хойш хоёр дахь 7 хоногтоо хуралдаж чадсангүй. Чуулганаа хуралдуулж чадалгүй Н.Учрал гацав. Өөрөө огцорч чадахгүй Н.Учрал бүүр ч гацав. 2 сайдаа сольж чадалгүй Г.Занданшатар гацав. МАН-ын бүлгээ цуглуулж чадалгүй Ж.Батжаргал гацав. Бүлгийнхээ хурлыг ч хийж чадахаа байв. Бүгд гацав.
Энэ гацаанаас гарах арга хайхаар УИХ дахь МАН-ын бүлгийн Н.Учрал, Г.Занданшатар талынхан өнөөдөр 14:00 цагаас хуралдаж байна.
