Хамгийн богино настай Ерөнхий сайдууд


Ерөнхий сайдын суудалд 1 жил хүрэхгүй хугацаанд суугаад боссон эрхмүүдтэй танилц.  

Ц.Элбэгдорж 1998.04.23-1998.12.09 хүртэл 230 хоног Ерөнхий сайдаар ажилласан. МҮАН-ын даргын хувиар тэр шинэ Засгийн газрыг тэргүүлсэн ч УИХ дахь Ардчилсан холбоо эвсэл, МАХН-ын бүлэг “Сэргээн босголт”, “Голомт”, ХОТШ гэх мэт банкны асуудлаар санал зөрөлдөн, чуулганыг 34 хоног гацаав. УИХ эцэст нь Засгийн газрыг огцрууллаа. МАХН-ын 25 гишүүнтэй Ардчилсан холбоо эвслийн зарим гишүүн хамсан, Ц.Элбэгдоржийг авч хаясан юм.

Ж.Наранцацралт 1998.12.09-1999.07.22-ны хооронд 225 хоног Ерөнхий сайдаар ажилласан. 2 Засгийн газраа огцруулсны дараа Ерөнхий сайдаар Да.Ганболдыг томилуулахаар Ардчилсан холбоо эвсэл санал болгосон ч Ерөнхийлөгч Н.Багабанди хүлээж авалгүй, 7 удаа буцаав. Үүнийгээ Ерөнхийлөгч “УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд Да.Ганболд банкны асуудалд хуулийн дагуу хяналт тавьж, таслан зогсоох, засаж залруулах арга хэмжээ аваагүй” гэж тайлбарлан, түүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг хүлээн авсангүй. УИХ-д оруулж хэлэлцүүлсэнгүй.

8 дахь удаад Ж.Наранцацралтын нэрийг Ерөнхийлөгчид санал болгож, шинэ Ерөнхий сайд тодорсон ч ОХУ-ын Засгийн газрын I орлогч С.Степашинд явуулсан захидалдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаар буруу байр суурь илэрхийлсэн хэмээн буруутгаж, УИХ түүнийг огцруулав. Түүнийг огцруулах саналыг УИХ-ын 21 гишүүн гаргаж, Ж.Наранцацралтын танхимын 7 гишүүн нэмэр болсон байдаг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-иа ОХУ хувьчилсныг Монгол Улс дэмжиж байгаа гэсэн агуулгатай захидлыг Ж.Наранцацралт хойд хөршид илгээжээ. Гэтэл аливаа компанийн хувь эзэмшигч хувьцаагаа худалдах бол эхлээд нөгөө хувь эзэмшигчдээ санал болгох ёстой. Үүнийг ОХУ зөрчсөн байхад, Монгол Улс дэмжсэн нь болчимгүй алдаа байв.

Н.Туяа 1999.07.22-1999.07.30-ны хооронд 8 хоног Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэв. Монгол Улсын Засгийн газар түүхэндээ ганцхан удаа эмэгтэй тэргүүнтэй болсон нь энэ.

Р.Амаржаргал 1999.07.30-2000.07.26-ны хооронд 362 хоног Ерөнхий сайдаар ажиллав. Ардчилсан холбоо эвсэл 4 дэх Засгийн газраа байгууллаа. Тэр дараагийн сонгууль хүртэл Засгийн газрыг тэргүүлж, шинэ Засгийн газарт ажлаа хүлээлгэн өгөв.

Д.Тэрбишдагва 2014.11.05-2014.11.21-ний хооронд 16 хоног Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэв.

Г.Занданшатар 2025.06.03-2026.03.27-ны хооронд 9 сар 24 хоног Засгийн газрыг тэргүүллээ. Монгол Улсын түүхэнд Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан Л.Оюун-Эрдэнийг түлхэн унагаж, дээд амжилтыг нь таслан, орыг нь эзэлсэн Г.Занданшатарын Засгийн газар бүтэн жил ч ажиллаж чадсангүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *