Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргын орлогч Б.Мөнх-Эрдэнэ албан тушаалаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, техникийн шаардлага хангаагүй машин “З” компаниас ЗДТГ-т худалдан авчээ. Тус сумын засаг даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Д.Адилбиш, Ч.Төгсжаргал, Л.Сэлэнгэсайхан нар уг машиныг техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй, мотор нь тос гоожсон, 200 мянган км- ээс дээшгүй гүйлттэй байх ёстой байхад 272 мянган км-ийн гүйлттэй, бичиг баримтгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, буцаасан аж. Гэтэл Б.Мөнх-Эрдэнэ тэдэнд уг автомашиныг хүлээж авах талаар хууль бус үүрэг өгч, машины төлбөрийг бүрэн олгуулжээ.
Л.Сэлэнгэсайхан уг автомашиныг хүлээн авч. санхүүжилтийг бүрэн олгох нөхцөлийг бүрдүүлсэн бол Д.Адилбиш Ч.Төгсжаргал нар тус хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж бурууджээ. Энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх тус хэргийг 2026.03.26-нд хэлэлцээд, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигалын гэмт хэрэг нь сонгуульт болон томилогдсон албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгод ашигласан байдаг онцлогтой. Албаны эрх ашгаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олох эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд боломж олгосноор дээрх бүлэгт заасан хэргийн нийтлэг шинж болдог. Тус гэмт хэрэг нь хувьдаа болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгох зорилгоор шунахайн сэдэлтэйгээр шууд санаатай үйлдэгддэг ба эдгээр нь бүхэлдээ үгүйсгэгдсэн тохиолдолд гэмт хэргийн шинжгүй гэж үздэг. Шүүгдэгч нар нь техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг хүлээж авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч ямар нэгэн ашгийг хичээж. албан тушаалаа урвуулан ашиглаж, албаны эрх ашгийн эсрэг бусдад давуу байдал бий болгох санаа зорилготой байсан гэдэг нь тогтоогдоогүй. Хөрөнгийн үнэлгээгээр маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь 43,4 сая төгрөгөөр үнэлэгдсэн” гэж дүгнэв.
Ингээд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Адилбиш, Ч.Төгсжаргал, Л.Сэлэнгэсайхан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.
