Нийслэлийн засаг даргын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам” төслийг эсэргүүцэж байгаа учраас өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болжээ. УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр Төрийн ордонд “Туулын хурдны зам” төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, түүний эсрэг Х.Нямбаатар хүмүүсээ дагуулан Туул голын эргээр явж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Д.Бадарсан үүнтэй холбоотойгоор ажлаа өгч буй аж.
Тэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдсон юм. Д.Бадарсан нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар ажилладаг.
Нийслэлийн засаг даргын орлогч нар:
- Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай
- Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин
- Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан
- Төслийн нэгжийн удирдагч Д.Бадарсан
Д.Бадарсан 2024 оны орон нутгийн сонгуулиар 16.7 мянган иргэний санал авч, нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Улс төрийн хүрээнд түүнийг АН-ын дарга Л.Гантөмөрийн хүн гэдэг. Х.Нямбаатар нийслэлийн засаг дарга болоод, АН-аас 1 орлогчтой болно хэмээн Д.Бадарсанг томилсон юм.
АН өнгөрсөн орон нутгийн сонгуулиар нийслэлийн ИТХ-ын 45 суудлаас ердөө 5-ыг авсан. Тэрхүү 5-ын 1 нь Д.Бадарсан. Тэр 2016 оноос хойш нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Э.Бат-Үүл нийслэлийн засаг дарга байхдаа түүнийг Сүхбаатарын дүүргийн засаг дарга болгож байв.
