Монгол Улсыг агаарын хөлгийн түлшээр хангах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудал 3 дахь Засгийн газарт шилжлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг 2024 онд манай улсад айлчлах үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээр байгуулсан юм. Үүний хүрээнд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв нар урьдчилсан байдлаар гарын үсэг зурсан.
ОХУ 20 жилийн турш манай улсад онгоцны түлш нийлүүлэхдээ Чингис хаан олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглахаар уг төсөлд тусгасан байв. Ингэхдээ Монгол Улсын төрийн өмчит “Эрчис-Ойл” ХХК, ОХУ-ын төрийн өмчит “PH Аеро” компани хамтарсан компани байгуулж, Чингис хаан олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах санаагаа сэмхэн хавчуулсан байлаа. Хэрвээ уг хамтарсан компани Чингис хаан буудлыг бүхэлд нь ашиглаж, удирдвал тус буудлын 50% нь ОХУ-ынх болно. Тус улс Чингис хаан нисэх буудлын цогцолборыг ашиглахад шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтуудыг манай улсаас шаардаж байгаа нь ч үүнийг нотолно.
Хэрвээ уг хамтарсан компани Чингис хаан буудлыг бүхэлд нь ашиглаж, удирдвал тус буудлын 50% нь ОХУ-ынх болно
Олон улсын онгоц хөөрч, буудаг ганц буудлыг маань ОХУ эзэгнэчихвэл Путин энэ буудалд хүссэн үедээ дуртай хөлгөө буулгаж, нисгэх эрсдэлтэй. Ингэж болгоомжлох үндэслэл ч бий. “Цогцолборыг ашиглах, хөгжүүлэхэд шаардлагатай бараа материал, барилгын техник, тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэхэд гаалийн хялбарчилсан горимоор оруулах” гэж уг хэлэлцээрийн төсөлд тусгаснаас үзвэл ОХУ уг буудлыг өөрсдийн дураар өөрчилж, ямар нэг зориулалтаар засаж янзлах магадлал өндөр.
Ийм хэлэлцээр байгуулаад, дараа нь маргаан гарвал Беларусь улсын Минск хот дахь Беларусын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арбитрын шүүхээр шийдүүлэхээр уг хэлэлцээрт тусгах гэж байлаа.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уг хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч “Үндэсний эрх ашигт харшилна” гэж үзээд, сайжруулах даалгавар өгч буцаасан юм. Засгийн газар гишүүдийн саналыг нэгтгэн, 2025.04.21-нд ОХУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлжээ. 2025.07.04-нд ОХУ-ын Эрчим хүчний сайд уг хэлэлцээрийг өөрчлөхөөс татгалзав. Иймд 4 удаа уулзсан байна.
- АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням 2025 оны 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нартай уулзжээ.
- 10 дугаар сард АҮЭБЯ-наас төлөөллөө явуулж, “Роснефть” НХН-ийн удирдлагуудтай уулзан, зөвшилцөлд хүрсэн байна.
- 2025.11.14-нд Г.Дамдинням сайд ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокинтой цахим хурал хийж, УИХ-ын саналыг Оросын талд хүргүүлжээ.
- 2025.11.18-нд Г.Дамдинням, С.Е.Цивилев, А.А.Козлов нар Москва хотод уулзаж, уг асуудлаар санал солилцсон аж.
Эдгээр уулзалтын дараа 2025.12.26-нд АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямд ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин уг хэлэлцээрт Монголын талаас тавьсан 7 саналыг тусгаж, өөрчлөн найруулсан протоколын төслийг танилцуулжээ. Ингээд Г.Дамдинням 2026.01.20-нд С.Е.Цивилёв, П.Ю.Сорокин нартай Москвад уулзаж, тус хэлэлцээрийн сүүлчийн хувилбарыг тохирсон байна. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас 2026.01.13-нд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т оруулах өөрчлөлтийн протоколын эцсийн хувилбарыг ирүүлжээ.
Үүнийг Г.Занданшатарын ЗГ 2026.03.11-нд хэлэлцээд, УИХ-аар хэлэлцүүлэхээр 17-нд УИХ-ын дарга Н.Учралд хүргүүлжээ. 44 хуудастай уг төслийг харвал УИХ-аас санал болгосон дараах өөрчлөлтийг оруулжээ. Үүнд:
- Чингис хаан олон улсын нисэх буудлыг Монгол, Оросын хамтарсан компани бүхэлд нь ашиглахаар байсан заалтыг өөрчилж, зөвхөн түлш цэнэглэх цогцолборт хамааралтай болгосон байна.
- 20 жилийн хугацааг 15 жил болгосон байна.
- 2 заалтаас 2 догол мөрийг хасжээ.

УИХ-аас санал болгосон дараах өөрчлөлтийг оруулаагүй байна. Үүнд:
- Маргааныг Монгол Улсын арбитраар шийдүүлэхээр өөрчлөлгүй, Беларусийн арбитраар шийдүүлэх хэвээр нь үлджээ.
- Энэхүү хэлэлцээрийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дуусгавар болох үед талуудын аль нэг тал нь нөгөө талд хэлэлцээрийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг дуусгавар болгох тухай хүсэлтийг хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх үндсэн хугацаа болон сунгагдсан дараа, дараагийн 5 жилийн хугацаа дуусгавар болохоос 1 жилийн өмнө бичгээр мэдэгдэх хүртэл хэлэлцээрийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа аяндаа дараагийн 5 жилийн хугацаанд сунгагдана.

Энэ хэлэлцээрийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хэлэлцэх байсан ч ирц бүрдсэнгүй. Г.Занданшатарын шийдүүлж чадаагүй тус хэлэлцээрийг Н.Учрал хариуцах болж байна. Их хурлын даргын хувиар гардаж авсан төслөө Ерөнхий сайдын хувиар хэлэлцүүлэх болж байна.
