Маргааш засгийн газар хуралдаж улс орны хэмжээнд тулгамдсан олон асуудлыг хэлэлцэх ёстой. Гэвч шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учралд танхимын сайд нараа томилж УИХ-д танилцуулах боломжийг улс төрийн нөхцөл байдал бүрдүүлж өгөхгүй байна.
Ерөнхий сайдыг томилох асуудлыг яаралтай горимоор хэлэлцүүлж шөнө дөлөөр ажлыг нь хүлээлгэн өгсөн ч танхимаа баталгаажуулж ажлаа эхлэх нөхцөл Н.Учралд олдохгүй байгаа юм.
Сайдын сунгаанд горилж яваа улс төрчдийн зүгээс УИХ-ын дарга болох давхар амбицтай гишүүд цөөнгүй бий. Тэдний чухам хэн нь парламентыг цаашид удирдахаас хамаарч сайд нарын нэрс эцэслэсэн байдлаар шийдэгдэх нь. Спикерт нэрс нь яригдаж байгаа гишүүдийн тухай таамаглал олон янзаар хөвөрч байна.
УИХ-ын дарга болох сонирхолтой гишүүдэд Л.Энх-Амгалан, С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нарын нэрс яригдаж байгаа юм.
Ийнхүү улс төрчдийн сайд дарга болох амбиц дийлдэхгүй байгаатай холбоотойгоор Н.Учралын тэргүүлэх засгийн газар байгуулагдаж чадахгүй гацаанд орлоо.
