УДШ 6 намыг идэвхгүйд тооцож чадсангүй


Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал, шүүгчдийн зөвлөгөөн 3 дугаар сарын 31-нд боллоо. Ард түмний хүч нам, Үнэн ба зөв нам шинэчилсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулснаа бүртгүүлэхээр УДШ-д өргөдөл гаргажээ. Үүнийг нийт шүүгчийн хурлаар хэлэлцэж, эдгээр намын дүрмийг бүртгэхээр шийдвэрлэлээ.

2 жил дараалан санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцохоор Сонгуулийн ерөнхий хороо тус шүүхэд хандсан юм. Уг намуудын мэдээлэлтэй УДШ танилцаад, эдгээр нам Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан хугацаанд намын дүрмийг шинэчлэн бүртгүүлээгүй учраас уг хуулийн 21.1-д заасан ажиллагааг хийх боломжгүй гэж үзэв.

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхжаргал нар УДШ-ийн нийт шүүгчийн 2026.01.23-ны 10 дугаар тогтоолд тодруулга, тайлбар хүсжээ. Намын бүтцийн аль байгууллага ямар асуудлыг шийдвэрлэхийг Улс төрийн намын тухай хуульд заасан байдаг. Үүний дагуу тус нам УДШ-ийн тогтоолд дурдсан зөрчлүүдийг арилгаж, заасан хугацаанд УДШ-д хүргүүлэх үүрэгтэй. Тиймээс тус намын хүсэлтэд зөвлөмж, тайлбар өгөх боломжгүй гэж үзсэн байна.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Энхбаяраас ирүүлсэн Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулжээ. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүнээс ирүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаад, хуулийн төсөлд санал авах талаарх хууль тогтоомжид заасан журмыг баримтлаагүй гэсэн үндэслэлээр санал хүргүүлэхээс татгалзаж, буцаалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *