Хөвсгөл нуурт живсэн “Зил-131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргалаа


Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 145 км-т, Хатгал тосгоноос хойд зүгт 45 км-т Хатгал тосгоноос Тойлогтын амралт чиглэлд мөсөн дээгүүр зорчиж явсан Зил 131 автомашин түлээ ачсан, дотроо 3 хүнтэй мөсөнд цөмөрч 1 хүн нь эсэн мэнд гарч, 2 нь живсэн тухай дуудлагыг 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Автомашин осолдсон хэсгээр хар, цагаан хилтэй, мөснүүд хэсэг хэсгээр бутарсан, мөсний зузаан 30-40 см, орзон ихтэй (мөс 1м-1.5м өндөртэй овойж ёрдоож хөлдсөн), татах автомашин аль ч талаараа очих боломжгүй, мөн Зил-131 автомашин хамраараа доош харсан, 10 куб хуурай түлээ ачсан, түлээний арын хэсэг мөсөнд хавчуулагдсан байдалтай, хар хил гэнэт хөдлөх тохиолдолд автомашин живэх магадлалтай учир аврагчдын аюулгүй байдлын үүднээс ар гэрийн хүмүүстэй болон аврах ажиллагааны ахлах удирдагчтай зөвшилцөн татан гаргах ажиллагааг боломжит нөхцөл бүрдэх хүртэл түр хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн.

Ингээд 3-р сарын 26-нд дахин ажиллагаа явуулж живсэн Зил 131 загварын автомашиныг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, ар гэрийн нийт 23 хүн, жижиг оврын экскаватортайгаар татан гаргаж, эзэмшигчдэд хүлээлгэн өглөө.

Тус автомашин нь 23 метрийн гүнд живсэн байсан бөгөөд 10м урттай, 3.5м өргөнтэйгээр мөс гудамлаж, эргээс 90 метрийн зайнаас татан гаргасан байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдэж, 6 иргэн амь насаа алдсан байна. Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж байгаа зөрчил тасрахгүй байгаа тул ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн урин дулаан цаг эхэлж байгаатай холбогдуулан гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *