УИХ-ын гишүүн Х.Булгантуяад төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар Тагнуулын ерөнхий газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ талаар түүнээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-АН-ын бүлэг завсарлага авчихлаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол 5 намтай парламент. Манай МАН сөрөг хүчингүй ажиллаад сурчихсан. Тэр арга барилаараа одоо ч ажиллах гээд байна. Та бүхэн санаж байгаа бол 76 гишүүнтэй байхад 68 гишүүн нь манайх байсан. 76-гаас 62 гишүүн нь манайх байсан. Сөрөг хүчин байхгүй шахам байх үеийн сэтгэлзүйгээрээ өнөөдрийн 5 намтай, нийгмийн хүчтэй төлөөлөлтэй, сөрөг хүчин АН нь ийм олон гишүүнтэй парламентыг ийм арга барилаар удирдах хэцүү. Цаашид ч үүнээс ч олон намын төлөөлөлтэй парламент байх нь тодорхой байна.
АН-ынхан өнгөрсөн намраас эхлээд УИХ-ын дарга бол намчирхдаггүй, дарга биш, спикер байх ёстой гэж шаардаж байна. Би үүнийг зөв гэж бодож байна. Парламентын ардчиллаа бид бэхжүүлж чадахгүй бол 5 намын төлөөлөлтэй байлаа гээд … Нийгмийн зүгээс ч бухимдал байгаа ш дээ.
-Таныг төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэж ТЕГ шалгаж байгаа. Энэ хэрэг ямар шатандаа яваа вэ?
-“Төрийн эрх барих дээд байгууллагын” гэж байгаа, Эрүүгийн хуульд. УИХ-ын дэд дарга хүн би УИХ-ынхаа эрхийг хууль бусаар авах гэсэн гэдэг чинь … Д.Амарбаясгаланг унагах гэсэн гэж хэлээд байгаа юм уу? Өөрөөсөө гадна 125 гишүүний эрхийг би авчихсан юм уу? Төрийн эрх нийт ард түмэнд байдаг.
ЗГ-ыг огцруулах бичгийг санаачилсан гээд П.Сайнзориг гишүүн эрүүгийн гэмт хэрэгтэн, хилийн хоригтой. Э.Болормаа гишүүн ЗГ бүрэлдэхэд “Бүтэц бүрэлдэхүүн дээр нь дараах зарчмыг хангаарай. Эмэгтэйчүүдийн, нас насны төлөөлөл …” гээд зарчмын санал өгсөн. Э.Болормаа гишүүний баланк дээр бичээд, 30 гаруй гишүүн гарын үсэг зурж өгсөн юм. Үүнээс хэдхэн хоногийн дараа Э.Болормаа гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнийг тухайн үед “Энэ Үндсэн хуулиараа Ерөнхий сайдын эрх. Ерөнхий сайдын эрхэнд халдлаа” гэж хэлж байсан. Монгол Улсын ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүн дээр хэн ч үгээ хэлэх эрхтэй. Үүнийхээ төлөө Э.Болрмаа гишүүн эрүүгийн хэрэгтэн болсон.
Парламентын хуралдаан даргалсны төлөө над дээр төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг хууль бусаар авах гэсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Нам дотор талцал хуваагдал байдаг ч гэлээ хууль хүчний байгууллагуудыг татан оролцуулж, хүмүүсийг эрүүгийн гэмт хэрэгтэн болгоно гэдэг бол шинэ цагийн хэлмэгдүүлэлт. Ардчилсан улсад арай ч ийм байдаггүй ээ.
Хийх ажил их байхад манай МАН-ын зодоон арай дэндэж байна. Өнгөрсөн өвөл арайхийж улаан, ногоон лаазаа өргөж байж төсвөө л баталлаа. Түүнээс илүү гарсан зүйл байхгүй байна. Нэг даргынхаа асуудлаас болоод нийт ард түмэнд тулгамдсан асуудлыг битгий гацаагаасай.
Манай гишүүд ч хэлж байна лээ. Гишүүнийхээ ажлыг тайван амгалан хиймээр байна.
-Таныг МАН-аас хөөсөн үү?
-Албан ёсоор шийдвэр гараагүй, надад мэдэгдсэн зүйл алга байна. Хяналтын ерөнхий хороо эцсийн шийдвэрийг гаргах субьект.
