Удтал хүлээгдсэн УИХ-ын даргын томилгоог их хурал дахь АН-ын бүлэг завсарлага авснаар ахин гацаалаа. Шалтгаан нь эрх баригчид парламентын даргад нэр дэвшүүлсэн С.Бямбацогтыг ямар нэгэн хэлэлцүүлэггүйгээр шууд томилох оролдлого хийсэнтэй холбоотой. Парламентыг удирдах хүнээс УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авдаг хуулийн боломжийг МАН дангаараа засаглаж байх хугацаандаа өөрчилжээ. Намын асуудлаа шийдэж байгаа мэт хүчээр томилдог дээрх зохицуулалтыг сөрөг хүчний зүгээс эсэргүүцэж 3 хоногийн завсарлага хүссэн. Гэхдээ хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ завсарлагыг 1 хоног болгосон юм.
АН-ын бүлгээс өнгөрөгч онд УИХ-ын даргыг асуулгагүйгээр шууд томилдог хуулийн зохицуулалтыг үндсэн хуультай харшилж байгаа гэдэг шалтгаанаар өөрчлөх хуулийн төслөө өргөн барьсан байна. Гэхдээ тодорхойгүй шалтгаанаар хэлэлцэх асуудлын дараалалд дээрх хуулийн төсөл багтаагүй гэнэ.
Парламентад 42 гишүүнтэй АН-ын бүлэг УИХ-ын даргаас асуулт асууж байж томилдог болох хуулийг батлах шаардлагыг тавьж байж УИХ-ын даргын томилгоог хүлэн зөвшөөрнө гэдгээ мэдэгдсэн. Тэдний энэ бойкотыг МАН-ын 30 гишүүнтэй бүлэг буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн талынхан дэмжихэд бэлэн байна.
Ийнхүү УИХ ч даргагүй, Ерөнхий сайд нь танхимаа байгуулж чадалгүй Монголын төр гацааны байдалд шилжлээ. Эрх баригч намын дотоод зөрчил 42 гишүүнтэй сөрөг хүчний дэмжлэгтэйгээр Н.Учралын засгийн газрыг байгуулагдахаас нь өмнө огцруулж мэдэх эгзэгтэй нөхцөл байдлыг үүсгэлээ.
