Москвагийн олон улсын кино наадамд “Задлаагүй захиа” өрсөлдөхөөр шалгарлаа


Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам 4 дүгээр сарын 16-23-нд болно. Уг наадмыг найруулагч Александр Коттын “Ладогагийн сахиусан тэнгэрүүд” киногоор нээх бол үндсэн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг Шри-Ланкийн нэрт найруулагч Прасанна Витанаге ахлах юм.

Уг наадмыг зохион байгуулах хороо энэ жилийн үндсэн уралдаанд өрсөлдөх бүтээлүүдийг өчигдөр /2026.04.03/ албан ёсоор зарлалаа. Нийт 43 орны 200 орчим кино оролцож буй тус наадмын хамгийн нэр хүндтэй хэсэг болох үндсэн уралдаанд “Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” (The Unopened Letter) уран сайхны кино шалгарч, “Алтан Георгий” шагналын төлөө Дэлхийн шилдэг 12 бүтээлтэй өрсөлдөхөөр болсон байна.

Наадмын хөтөлбөрийн захирал Иван Кудрявцев хэвлэлийн хурлын үеэр энэ жилийн хөтөлбөр маш чанартай, олон талт болсныг онцолсон юм. Тэрбээр “Энэ жил 1500 гаруй мэдүүлэг ирснээс Монгол, Алжир, Тайланд зэрэг орнууд хөтөлбөрт шинээр нэгдэж байгаа нь онцлох үйл явдал” хэмээжээ.

Монголын кино урлагийн түүхийг сөхвөл, Москвагийн наадамд хамгийн анх 1959 онд найруулагч Д.Жигжидийн “Ардын элч” кино оролцож, Ариунаагийн дүрийг бүтээсэн жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн. Энэ нь монгол хүн Дэлхийн хэмжээний А зэрэглэлийн наадмаас авсан анхны том шагнал байв. Үүнээс хойш 60 гаруй жил өнгөрч буй энэ үед “Задлаагүй захиа” кино үндсэн уралдаанд шалгарсан нь Монгол киноны шинэ үе Дэлхийн тавцанд эргэн ирснийг харуулж байна.

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” зохиолоос сэдэвлэсэн энэхүү бүтээл хүний сэтгэлийн нандин хэлхээ, монгол ахуйн гүн гүнзгий утга учрыг харуулдгаараа онцлогтой. “Аранжин” пикчерсийн энэ киног ерөнхий найруулагч Б.Батдэлгэр, продюсер, дууны найруулагч Л.Цэрэнтогтох, зургийн найруулагч Г.Гүенбаатар нар хамтран бүтээсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *