Байерн Мюнхен 0:2 харьцаанаас 18 минутад хүний санаанд оромгүй гаймшигтайгаар хожжээ


Германы Бундеслигийн шилдэг баг “Байерн Мюнхен” бямба гаргийн орой “Фрайбург” клүбийн талбайд зочлон тоглосон билээ. Талбайн эзэн “Фрайбург” клүб тоглолтын эхний 80 минутад 2:0 харьцаатай ялж байсан бол “Байерн Мюнхен” 81-99 дэх минутад 3 гоол оруулж, хүний санаанд оромгүй гаймшигтайгаар эргэн ирлээ.

Бундеслигийн тэргүүн баг “Байерн Мюнхен” энэ улиралд 23 хожил, 4 тэнцээ, ганцхан хожигдолтой явж байгаа. Германы хөлбөмбөгийн клүбүүдийн хувьд энэ багийг хожно гэдэг хамгийн амттай хожил шүү дээ. Талбайн эзэн “Фрайбург” клүб эхний 80 минутад тоглолтыг 2:0 харьцаагаар тэргүүлж байв. Тэд ахиад 15 минутын турш “Байерн Мюнхен”-ийг ердөө ганцхан оноонд барьж чадсан бол талбай дээрээ хожихоор байлаа.

Үндсэн цаг дуусахад ердөө 15 орчим минут үлдсэн байх үед хүн бүр “Фрайбург”-ийг энэ тоглолтод аль хэдийнэ хожсон хэмээн бодож, “Фрайбург” клүбийн хөгжөөн дэмжигчид гэртээ хариад бүтэн нойртой сайхан унтаж амрах тухай бодож байлаа. Даанч энэ тоглолт тэдний хувьд хар дарсан зүүд болж хувирах юм гэж хэн таамаглах билээ?

Тоглолтыг тэнцүүлэх битгий хэл, нэр төрийн 1 гоол авна гэдэг хэцүү санагдаж эхэлсэн үед “Байерн Мюнхен”-ий тоглогч Том Бишоф 81 дэх минутад гоол оруулсан нь “Байерн Мюнхен” хэмээх унтаж байсан лууг сэрээсэн явдал болов. Тоглолтын үндсэн цаг дуусан 90 минут руу орж, 9 минут сунгах үед Том Бишоф 92 дахь минутад ахин гоол оруулснаар тоглолтын тооны харьцааг 2:2 болгон тэнцүүллээ. Үүний дараа “Байерн Мюнхен”-ий 19 настай залуу тоглогч Леннарт Карл 99 дэх минутад гоол оруулснаар тоглолтын эцсийн цэгийг хатгаж, “Байерн Мюнхен” талбайн эздийг 3:2 харьцаатайгаар хожиж, түүх бүтээжээ.

Энэ нь Германы Бундеслигийн түүхэнд тоглолт 80 дахь минутдаа орсон байх үед 2 онооны зөрүүтэй хожигдож яваад, тоглолтыг үндсээр нь эргүүлэн хожсон 3 дахь тохиолдол болсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *