Эртний ховор 2 бичвэрийг эх орондоо буцааж авчирна


Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуулийн номын санд Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор 2 бичвэр хадгалагдаж байсан юм. Уг бичвэрүүдийг тус улс Монгол Улсад буцаан шилжүүллээ. Тус 2 үнэт бичвэрийг буцаахад Бернийн их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленц үнэтэй хувь нэмэр оруулсан аж. Тэрээр уг эх сурвалжуудын гарал үүсэл, түүхэн ач холбогдлыг тодорхойлон судалж, Монгол Улсад буцаан олгохоор болжээ.

Эхний бичвэр нь XVII зууны эхэн үеийн гар бичмэл. Төвөдийн их бясалгагч, яруу найрагч Миларайбын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга аж. Эл орчуулгыг Сэрэгэтү гүүш цорж хэмээх нэрт лам Түмэдийн нөлөө бүхий ноён Онбо хунтайжийн захиалгаар хийснээ гар бичмэлийн төгсгөлд дурдсан байна. Үүнээс үзвэл 1615 оны орчимд орчуулсан байх магадлалтай ажээ.

2 дахь бичвэр нь 1716 онд Бээжинд модон бараар барласан, монгол бичгээрх Гэсэрийн баатарлаг туульсын ховор эх юм. Уг хэвлэмэл нь туульсын 1-3 болон 5-7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад онцгой үнэ цэнтэй эх сурвалж болно.

Эдгээр бичвэр Монголын бурхны шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад чухалд тооцогддог байна. Үүнийг өмнө нь судлаач Рихард Эрнст хувийн цуглуулгадаа хадгалж байв. Улмаар Бернийн их сургуулийн номын санд шилжүүлэн хадгалжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *