Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч, Казахстаны үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, 2003 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, 2004 оны Афины олимпын мөнгөн медальт, WBA, WBC, IBF, IBO холбооны дунд жингийн Дэлхийн аварга Геннадий Головкин Монголд ирлээ. Тэр өчигдөр “Аса арена”-д ААШТ үзсэн бол өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны удирдлагуудын урилгаар “Олимпик хаус”-т зочлов. Талууд спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, цаашдын харилцааг бэхжүүлэх асуудлаар санал солилцжээ. Г.Головкин “Казахстан, Монголын үндэсний олимпын хороонд боксын тамирчин байсан хүмүүс удирдах түвшинд ажиллаж байгаа нь нэр хүндийн асуудал юм. Улаанбаатар хотноо Азийн боксын аварга шалгаруулах тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж буйд талархал илэрхийлье. Цаашид хамтран ажиллахад хэзээд нээлттэй” гэв.
Уулзалтын үеэр боксын спортыг олимпын наадмын хөтөлбөрт хэвээр үлдээх чиглэлд гаргасан амжилт, хоёр улсын спортын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Казахстаны ҮОХ-ны ерөнхийлөгч Г.Головкиныг МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор шагнажээ.

