Залгисан зоосыг нь хүүхдийн ходоодноос дурангаар гаргаж авчээ


Олон нийтийн сүлжээнд 4 настай хүүхэд зоос залгисантай холбоотой асуудлаар мэдээлэл нийтлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ЭХЭМҮТ дараах мэдээллийг өглөө.

“А овогтой А гэх 4 настай, эрэгтэй хүүхэд 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зоос залгисан гэх шалтгаанаар хүүхдийн яаралтай тусламжид хандсан. Рентген шинжилгээгээр ходоодонд гадны биет /зоос/ байгаа нь тогтоогдсон. Тухайн үед эмч гадны биет нь зарим тохиолдолд 48 цагийн дотор өтгөнөөр гадагшлах боломжтой тул хоолоо сайн идүүлж, ажиглахын зэрэгцээ 2 хоногийн дараа хяналтад ирэх зөвлөгөө өгч буцаасан.

4 дүгээр сарын 5-нд дахин ирж үзүүлсэн. Дурангийн /ЕМА/ аргаар авах заалттай байсан ч хүүхэд хоол сойгоогүй байсан тул 5 дүгээр сарын 6-нд хоол сойж ирэхийг зөвлөн буцаасан. Ийнхүү өчигдөр /2026.04.06/ хүүхэд дахин ирж, холбогдох шинжилгээ, үзлэг хийсний дараа дурангийн /ЕМА/ аргаар ходоодноос гадны биет /зоос/-ийг амжилттай авсан. Үүний дараа холбогдох тасагт шилжүүлэн хэвтүүлж, цаашдын хяналт, эмчилгээг үргэлжлүүлж байна.

Манай эмнэлэг тухайн тохиолдолд эмнэлзүйн заавар, стандартын дагуу шат дараалсан тусламж үйлчилгээ үзүүлсэн болно.

Нэмэлтээр, товлолын бус буюу нэмэлт цагаар үзүүлэх үйлчилгээг үндсэн цагийн үзлэгийн дундуур зохион байгуулдаг тул тодорхой хэмжээнд хүлээлгэх магадлалтай байдаг. Мөн яаралтай тусламж шаардлагатай хүүхдүүдийг эрэмбэлэн, түрүүлж үздэг журмыг баримталдаг.

Хүүхдүүд амандаа янз бүрийн зүйл хийх, санамсаргүй залгих тохиолдол элбэг байдаг тул эцэг, эх, асран хамгаалагчид энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *