Сүхбаатарын талбайд олон үндэстний хоолны өдөрлөгтэй


Улаанбаатар хотын төв талбай дээр урлаг, соёл, спортын арга хэмжээ зохион байгуулж эхлээд буй. Энэ сард төв талбай дээр хоолны өдөрлөг, цирк, ширээний теннис, “playtime pre event” урлагийн арга хэмжээ, зарим яамны нээлттэй хаалганы өдөр нээгдэнэ гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлсэн юм.

Өнгөрсөн жил Узбекистан улсаас тогооч нар авчирч монголчуудыг пловоор дайлсан. Ингэхдээ төв талбайд барьсан 4,000 хүний багтаамжтай асарт орохдоо 5,000 төгрөг төлж, узбек тогоочийн бэлтгэсэн хоолыг амталж байв. Харин энэ жилийн хувьд олон үндэстний хоолны өдөрлөгийг зохион байгуулах юм байна.

Төв талбай дээр дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд болох хоолны өдөрлөгт Монголын ресторан, зоогийн холбооны гишүүн, дотоодод үйл ажиллагаа явуулдаг 30 орчим рестораны тогооч нар оролцож хятад, солонгос, япон зэрэг ази, мексик, европ хоолыг хийхээр төлөвлөсөн гэдгийг Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас хэллээ. Монголын ресторануудын тогоочийн хоолны төрөл, үнэ тарифыг удахгүй тодорхой болгох юм.

Өнгөрсөн жил долоон өдрийн хөтөлбөртэй хоолны өдөрлөгт нийслэлээс нийт 600 гаруй сая төгрөгийн зардал гарчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *