Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал 2026.03.31-нд Авлигатай тэмцэх газарт албан бичиг ирүүлжээ. Уг бичигт Засгийн газрын 2026 оны “Засгийн газрын болон Монгол банкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” 32 дугаар тогтоолын дагуу Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн 150 тэрбум төгрөгөөр, Тэтгэврийн нөөц санд байршуулсан хөрөнгөөс 85 тэрбум төгрөгөөр Засгийн газрын дотоод үнэт цаасыг худалдан авч, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, найдвартай эх үүсвэрт хөрөнгө оруулж, хүүгийн өгөөжөөр сангийн хөрөнгийг өсгөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа талаар мэдээлсэн байв.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд нийгмийн даатгалын төрөл тус бүр бие даасан сантай, сан нь банканд данстай байхаар, мөн хуулийн 13 дугаар зүйлд нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас, Монгол банкны үнэт цаас, төрийн сангийн нэгдсэн данс, арилжааны банканд байршуулж болно гэж заасан.
Тиймээс Авлигатай тэмцэх газар 2026 оны 2 дугаар сарын 13-нд Ерөнхий сайд Г.Занданшатарт Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэн зохион байгуулах санал, зөвлөмж хүргүүлсэн аж. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан “Гүйлгээнд бэлэн бус төлбөр тооцооны эзлэх хувийг нэмэгдүүлж, төсвийн орлогын суурийг өргөжүүлж, далд эдийн засгийн эзлэх хэмжээг багасгах бодлогын арга хэмжээ авах” ажлыг улам эрчимжүүлж, авлигын суурь шалтгааныг арилгах, эрсдэлийг бууруулах зорилгоор Авлигатай тэмцэх газраас хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан Төв банкны нөөцөд байгаа алтаар баталгаажсан токенийг нэвтрүүлэх, ингэхдээ эрсдэлийг урьдчилан тооцоолон, нотолгоонд суурилж, авлигын эрсдэлийг бууруулах байдлаар хэрэгжүүлэхээр тодорхой санал, зөвлөмжийг боловсруулснаа хүргүүлсэн байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт 50 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулан, давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан, их хэмжээний алдангийг нэхэмжлээгүй гэх гэмт хэргийг 2019 онд илрүүлэн мөрдөн шалгасан. Хахуульд авсан 190 сая төгрөгийг улсын төсөвт нөхөн төлүүлж, хууль бус гэрээний алданги болох 1,9 тэрбум төгрөгийн хамт тус санд учруулсан нийт 51,9 тэрбум төгрөгийн хохирлыг буцаан төлүүлж, Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгосон юм.
