УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, ажлын хэсгээс Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр зохион байгууллаа. Төрийн өөрийн өмчид төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан, төрийн тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц, хуульд заасан бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарч байна.
Гэхдээ манай улс суурь шинжтэй төрийн өмчийн эрх зүйн реформыг хийгээгүй, хуулийн зохицуулалтын цогц байдал алдагдсан. 1996 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өнгөрсөн 28 жилийн хугацаанд нийт 38 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь хуулийн зохицуулалттай холбоотой тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд биш, харин салбарын бусад хууль шинэчлэгдсэн, эсхүл тэдгээрт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой байгаа. Төрийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ангиллыг өмчийн талаар хэрэгжүүлэх эрх, үүрэг, хөрөнгийн зориулалт, хэлбэртэй уялдуулж тогтоогоогүй, давхцал, хийдэл үүссэн.
Орон нутгийн өмчийг тодорхойлох шалгуур, арга зам, өмчийн үнэлгээ, шинж чанар тодорхойгүй, өмчийн эрх орон нутагт бүрэн шилжээгүй, орон нутгийн өмчийн газрын статус, харьяалал ойлгомжгүй, орон нутгийн өмчийн ангилалттай уялдуулсан эрх зүйн ялгаатай зохицуулалт байхгүй, зөвхөн аймагт өмчин эрх шилжүүлсэн бөгөөд сумдыг зохицуулалтгүй орхисон зэрэг асуудал тулгамджээ. Улсын нөөцийн өвс тэжээлийн цэгүүд, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд, эрчим хүчний үйлдвэр, байгууламж, зам засвар арчлалтын компани, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, онцгой байдлын хэлтэс, гал түймэртэй тэмцэх хэлтсүүд, газрын албаны барилга, цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг орон нутагт бүртгэлд авах боломжгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зарим зохицуулалтын асуудалд хийдэл гарч, хууль хэрэгжихгүй байдалд хүрсэн. Нийслэл, аймаг бүр компанийн засаглалын болон хөрөнгийн зохицуулалтын өөр, өөр журамтай. Төсөв батлаагүй гэсэн шалтгаанаар орон нутгийн өмчит газрын бүтэц, орон тоог шаардлагатай хэмжээнд байлгаж чаддаггүйгээс хуулийн хэрэгжилтийг бүрэн ханган ажиллахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Мөн өмчийн удирдлагын бодлого нэгдмэл байх зарчим алдагдсанд арга хэмжээ авах нь зүйтэй гэлээ. Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 6897 нэгж байгаагийн 5833 нь орон нутгийн өмчийнх, үлдсэн нь төрийн өмчийнх ажээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс өдөр тутмын амьдралд тулгамдаад буй асуудлыг хөндөж, санал, байр сууриа илэрхийлж байлаа. Тодруулбал, төрийн өмчийг эзэнгүйдүүлэх, үргүй зарцуулах, хувьдаа завших явдлыг таслан зогсоох шаардлагатай. Шинэ тутам үүсэж буй нийгмийн харилцаанд тулгуурлан уян хатан бодлого, зохицуулалтыг хийх, иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зэрэг үр дүнтэй арга хэлбэрийг бий болгоход анхаарах чухал гэсэн саналуудыг гаргасан. Улсын Их Хурлын Ажлын хэсэг иргэд, олон нийтийн болон мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдын саналыг нэг бүрчлэн тэмдэглэн авч, хуулийн төсөлд тусгахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
