О.Цогтгэрэл: Ардын намын дарга нар “Би их идсэн, чи бүр их идсэн” гэж эрээ цээргүй, ил цагаан ярьцгаадаг боллоо


АН-ын их хурлыг нээж, тус намын дарга О.Цогтгэрэлийн хэлсэн үгнээс товчлон хүргэе.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл:

-Засаглалын тогтолцоо зарим талаараа хэдийнээ ялзарсан байна. Ашигт малтмалын нөөц баялгийг хувааж идэж, хусмаар нь сонгуулийг худалдаж авдаг улс төрийн бүлэглэл 10 гаруй жил хяналтгүйгээр төрийг барьсан болохыг бид өнөөдөр тэдний дотоодын тэмцлээс харж байна.

Ардын намын дарга нар авилгалыг энгийн хэм хэмжээ болгож, “Би их идсэн, чи бүр их идсэн” гэж эрээ цээргүйгээр ил цагаан ярьцгаадаг боллоо.

Хулгай, худлын өмнө хууль цааз бөхийсөн 10 жил өнгөрчээ. Төгрөгөөр биш доллароор, саяар биш тэрбум, их наядаар тэдний хулгай хэмжигдэж байна. Эх орны баялагийг төрийн нэрээр нийгэмчилж, иргэдэд очих ёстой хэсгийг эх орончийн, даргын нэрээр хувьдаа завшжээ. Өнгөрсөн 10 жилд эдийн засаг төржиж, эрх мэдэл төв рүү тасралтгүй төвлөрсөн. Үр дүнд нь бүхнийг дарга мэддэг, даргын гарын үсгээр шийдэгддэг улс болсон. Энэ 10 жилд иргэдэд эдийн засгийн өсөлт очоогүй. Бизнесүүдийн орлого ашиг өсөөгүй.

Орон нутагт эрх мэдэл, төсөв санхүү ч хангалттай хүрээгүй. Харин ордон дотор Ардын намын дарга нарын зарцуулах төсөв нэмэгдсэн. Үр ашиггүй, үлгэрийн олон төсөл хөтөлбөрүүд ихэссэн. Эдийн засаг дах 10 төгрөг тутмын 8 нь төрөөр, төсвөөр, тусгай зөвшөөрлөөр зохицуулагдсан намын хяналттай эдийн засгийн бүтэцтэй болсон. Ардын амьдрал уруудсан, даргын тансаглал хэтэрсэн 10 жил өнөөдөр ч үргэлжилж байна.

Тэлсэн, томорсон төсөв, төржсөн эдийн засгийн зарцуулалтаас ил тод байдлыг, иргэний болоод сөрөг хүчний хяналтыг авахын тулд эрх баригчид алхам бүрээ нууцлах хуулийн хулгайг хийж даджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *