Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын өргөдлийг өнөөдөр Монгол дахь Олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх Допингийн давж заалдах комисс хэлэлцэнэ. Н.Өсөхбаяр өнгөрсөн зуны Үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, гарди цол хүртсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн. Үүний улмаас түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг нь 4 жилээр хассан юм.
Түүний шинжилгээнээс илэрсэн бодис бүх цаг үед хориглож ирсэн бодис байсан тухай Үндэсний допингийн эсрэг байгууллага мэдээлсэн билээ. Н.Өсөхбаяр уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдаад байна. “Түүнд дасгалжуулагч Ц.Хосбаяр 28 ширхэг тариаг “Дархлаа сайжруулна” гэж хэлээд зарсан байсан” гэж Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав “Дундын бүс” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байдаг.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 21.5-т “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд улс орон даяар нийт 140 бөхөөс шинжилгээ авсан. Шинжилгээгээр улсын наадамд барилдсан 512 бөхийн 2-оос нь, аймгийн наадамд барилдсан 10 бөхөөс сэргээш илэрсэн. Улсын баяр наадамд барилдаад, сэргээш илэрсэн 2 бөх нь 8 давж үзүүрлэсэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, 4 давсан Хэнтий аймгийн арслан Н.Баяржаргал нар.
