Хэн чихээ цоолуулж, хамраа дөрлүүлснийг өнөөдөр бүгд харна  


“Туулын хурдны зам” төслийг зогсоосны хариу юм байлгүй, Х.Нямбаатар өчигдөр нөөцийн махны үнийг нэмэв. “УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаад ҮХЦ рүү явсан хүн буцаж УИХ-ын Тамгын газарт ирээд, хууль тайлбарлаад сууж байна” гэж хэлсний төлөө Б.Жаргалан гишүүнийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал “Б.Жаргалан гишүүн хичээлдээ суугаагүй. Хүнээр гуйлгаж, дүнгээ тавиулж байсан юм” хэмээн дайрч, нэр төрд нь халдав.

Л.Өлзийсайхан 2019-2023 онд УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад, Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад УИХ-ын 2023.11.16-ны 96 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажилласан. Н.Учрал УИХ-ын дарга болмогцоо түүнийг нарийн бичгийн даргаар буцаан авчирсан. Энэ бол үнэн.

Харин Б.Жаргалан гишүүн “Би МУИС төгссөн нь үнэн. Би А.Бямбажаргалаас дүн гуйж тавиулж байгаагүй. Намайг гүтгэж байна” гэж хариуллаа. Б.Жаргалан, А.Бямбажаргал хоёрын хэн нь үнэн ярьж байгааг хэн ч мэдэхгүй. Б.Жаргалангийн өмнөөс дүнг нь А.Бямбажаргалаас гуйсан хүн байгаа бол тэр л мэднэ.

“Туулын хурдны зам” төслийг зогсоосны хариу юм байлгүй, Х.Нямбаатар өчигдөр нөөцийн махны үнийг нэмэв

Тэр ч яах вэ. Энд нэг юм тун ойлгомжтой харагдаж байна. Энэ талаар “Х.Нямбаатарыг дагасан бүх хүн Х.Нямбаатар болсон. Ерөнхийлөгчийг дагасан бүх хүн Ерөнхийлөгч болж хувирсан байна” гэж Ч.Лодойсамбуу гишүүн тодорхой хэлэв. Үнэхээр ЕТГ-ынхны хэлж буй үг, биеийн хэлэмж нь “Намайг хэн хэлэх вэ дээ. Нохойг хэн саах вэ дээ” гэж байлаа.

Чуулганаа хуралдуулж чадахгүй гацсан намынхаа даргыг аварч, УИХ-ын даргын алхыг нь Ерөнхий сайдын сэнтийгээр солихоор МАН-ын бага хурлын 597 гишүүн цагаан байшиндаа цуглахтай зэрэгцэн ЕТГ 2026.02.27-нд Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачилсныг мэдээлсэн. Энэ бол санамсаргүй давхцал биш. Намынхаа бага хурлын гишүүдэд “Амаа мэдээрэй” гэсэн анхааруулга байв. Үүнийг намынх нь гишүүд ойлгосон нь ойлгомжтой. Анхааруулгыг үг дуугүй биелүүлж, амаа бүгд үдсэн.

Ерөнхийлөгч хэдийгээр нам бус ч гэлээ, одоохондоо л нам бус. Суудлаасаа буумагц гишүүнчлэлээ сэргээнэ. МАН-ын батлахаа буцаагаад авна. Бүгд л тэгсэн. Нэрэн дээрээ нам бус Ерөнхийлөгч нидэр дээрээ МАН-ыг, ЗГ-ыг бүрэн удирдаж байна. УИХ дахь МАН-ын бүлгийг ч бас дохидог байсан ч Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш 68 гишүүнийхээ 30-ыг нь хяналтаасаа алдсан. Цор цор гээд байгаа тэднийхээ цорвогор хошууг хайрахаар тэрээр сайхан нэртэй ч санаа ихтэй хуулийн төсөл санаачлаад, гялс батлуулахаар парламентыг шавдуулж байна.

ЕТГ-ынхны хэлж буй үг, биеийн хэлэмж нь “Намайг хэн хэлэх вэ дээ. Нохойг хэн саах вэ дээ” гэж байлаа

Төрийн түшээ болсноо одоо болтол мэдээгүй, гудамжны зангаа хаа сайгүй гаргаж яваа Д.Нарантуяа-Нара гишүүний бүдүүлэг үг, ёсзүйгүй үйлдэл дээр Ерөнхийлөгч дөрөөлсөн. Төрийн ордонд, парламентын танхимын үүдэнд УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай гар зөрүүлж явсан У.Хүрэлсүхийг Нара цочирдуулсан гэх нь хаашаа юм.

У.Хүрэлсүхийг Монголын төрийг тэргүүлж буй 6 жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ард түмний чихийг мөн ч их халууцуулсан. Тэдний хийсэн хэрэг, холбогдсон асуудлыг тоочвол хүн байтугай банхар ч өмнөөс нь хавталзахаар. Тэр бүхэнд хатуухан үг чулууддаг ч хууль санаачлаагүй Ерөнхийлөгч энэ удаад УИХ-ын гишүүдийн ёсзүйд санаа тавьж эхэлсэн нь цаанаа өөр учиртай гэдгийг хэн хүнгүй гадарлана.

Түүний толгойг Г.Занданшатар өвтгөж байгаа. “Хадгаламж” банкны гэх хэрэг, “Фургон”-ы асуудал гээд сайн муу бүхэнд нэр холбогдож явсан андыгаа тэр яахаа мэдэхгүй, гарц хайж суугаа. Н.Учралын доор сайд болгож, суугалтай биш. ҮХЦ рүү явуулаад, мартчихалтай биш.

Ерөнхийлөгч энэ удаад УИХ-ын гишүүдийн ёсзүйд санаа тавьж эхэлсэн нь цаанаа өөр учиртай гэдгийг хэн хүнгүй гадарлана

Их хурлын гишүүдээс чадвал хэдийг, чадахгүй бол хэн нэгийг нь эргүүлэн татуулаад, нөхөн сонгууль явуулах гарц л тэдэнд үлджээ. Орон гарсан гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жилээс богино хугацаа үлдсэн бол нөхөн сонгууль явуулах боломжгүй. Тэгэхээр тэдэнд 6-р сараас өмнө амжуулах ганцхан сарын хугацаа үлдээд байна.

Ийм л гарц олж харсан Ерөнхийлөгч тэр гарцаа нээхээр ажиллаж байна. Түүгээр андыгаа УИХ-ын гишүүн болгож, Ерөнхийлөгчийн сонгуульд зүтгүүлнэ. Бүүр ч олон гарц нээж чадвал цор цор хийгээд байгаа гишүүдийг чих зөөлөнтэй, үгээр байдаг хүмүүсээрээ солих санаатай.

Тэр санааг нь мэдэж байгаа С.Бямбацогт өчигдрийн чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар санал хураасангүй. Чуулганы танхим хоосон шахуу байсан болохоор уг төсөл унах байлаа. Өнгөрсөн шөнө гишүүдийнхээ чихийг зөөллөж, ирц бүрдүүлэх арга хэмжээ аваад, өнөөдөр санал хураана. Хэн Ерөнхийлөгчөөр чихээ цоолуулж, хамраа дөрлүүлснийг өнөөдөр бүгд харна.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *