Баянхонгорын М.Баярмагнай яамнаас яам дамжин явсаар


Н.Учралын Засгийн газар өчигдөр хуралдахдаа Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, оронд нь М.Баярмагнайг томилжээ. М.Баярмагнай өнөөдөр ажлаа хүлээн авчээ. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны А/99 дүгээр тушаалаар М.Баярмагнайг Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аж.

2020-2024 онд Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан М.Баярмагнай 2025 оноос Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байв. Харин 2025.12.23-нд Сангийн сайд Б.Жавхлан 231-р тушаал гаргаж, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Мягмарсүрэнгийн Баярмагнайг томилсон юм. 

Эхлээд Сангийн сайд Б.Жавхлан, дараа нь Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан түүнийг нийтийн албанд нэлээдгүй том албан тушаалд томиллоо.

М.Баярмагнай одоогоор шүүхийн асуудалтай байгаа. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026.03.10-нд Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд, Ш.Бүтэд, Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, Б.Даажамба, М.Баярмагнай, Г.Батдорж нарт холбогдох хэргийн гэм бурууг дахин дэнслүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажилласан байсан Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Д.Даваасамбуу, Б.Махбал нарт холбогдох хэргийг цагаатгасныг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тухайн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Даажамба, М.Баярмагнай нарыг тусгаарлан гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, хамтад нь дахин хянан хэлэлцүүлэхээр болсон.      

М.Баярмагнай гэж хэн бэ?

1972 онд Баянхонгорт төрсөн энэ хүнийг Г.Занданшатар Гадаад харилцааны сайд байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирлаар авчирч, дараа нь ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тавиулжээ. Ингээд 2012 онд Г.Занданшатар УИХ-ын сонгуульд ялагдаж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд очоод, М.Баярмагнайг Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга болгожээ.

2016 онд Г.Занданшатарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор М.Баярмагнай Эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга болсон байна. Энэ үед нь У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018.04.30-нд 112 дугаар тогтоол гаргаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 4 хүн томилсны 1 нь ЭХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнай байв. Тус банкны ТУЗ 2018.05.02-нд даргаараа М.Баярмагнайг сонгосон байдаг. Энд ажиллах хугацаандаа тэр Хөгжлийн банкны гэх тодотголтой, 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт холбогдсон түүхтэй.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргын албан тушаалд тавимагц М.Баярмагнай БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга болов. Г.Занданшатар УИХ-ын даргын суудалд тухалсныхаа дараа түүнийг ЗГХЭГ-ын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр тавиад, удалгүй ЗГХЭГ-ын дэд дарга болгож дэвшүүлсэн байна. Тэгээд 2025 онд Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, дараа нь СЯ-ны, одоо ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болголоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *