Өнгөрсөн амралтын өдрүүдээр Унгарын парламентын сонгууль явагдаж дууслаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Виктор Орбаны эрх баригч Фидес нам ялагдсан нь тодорхой болжээ.
Сонгуулийн үр дүнд Унгарын сөрөг хүчний Тиса нам ялснаар 16 жил тус улсыг удирдсан Ерөнхий сайд Виктор Орбаны эрин үе дуусаж байна. Виктор Орбан Москвагийн үнэнч анд, мөн Трампын холбоотон байв. Виктор Орбан олон жилийн турш засаглахдаа нэг намын дарангуйлал тогтоож, авлигыг цэцэглүүлж, Бээжин болон Москватай харилцаагаа нягтруулсан хэмээн шүүмжлэлд өртөж байв.
Мөн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үнэнч холбоотон байж, Европын эв нэгдэлд саад учруулж байсан юм.
Ням гарагт сонгууль дууссанаас 3 цагийн дараа Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрч, “Би ялалт байгуулсан намд баяр хүргэсэн. Бид Унгар улсад хүчин зүтгэсэн хэвээр байх болно” гэж мэдэгджээ.

Сөрөг хүчний Тиса нам парламентын 199 суудлын 138-д нь ялалт байгуулснаар хуульд өөрчлөлт оруулах давуу эрхтэй болсон байна. Харин Виктор Орбаны Фидес нам парламентад 55 суудал, хэт барууны Ми Хазанк нам 6 суудалтай болжээ.
Эх сурвалж: The Guardian
