Өнөөдөр хуралдсан АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй талаар нэгдсэн байр суурьд хүрчээ. Гэхдээ энэ шийдвэр нь бүлгийн 3 одтой хатуу байр суурь биш юм. Өнөөдрийн хуралд парламентын 42 гишүүнийх нь 25 нь оролцжээ. Бүлгийн хуралдаа суусан 25 гишүүн бүгд л Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжихгүй байх нь зөв гэж үзсэн байна. Гэхдээ асуудалд хатуу байр суурь баримтлахгүй. Гишүүд өөрсдийнхөөрөө хуулийн төсөлд саналаа өгөх нь эрх нь нээлттэй гэнэ. Тэгэхээр өнөөдөр хуралдсан 25 гишүүнээс бусад нь буюу 17 гишүүний хувьд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг дэмжиж ч магадгүй гэсэн үг.
Их хурал дахь Хүн намын зөвлөлийнхөн дээрх хуулийн төсөлд мөн л сөрөг хүчинтэй ижил байр суурьтай байна. Тэд хуулийн төслийг дэмжих нь парламентын дархлаанд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Гэхдээ мөн гишүүдээ хайрцаглахгүй. Өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгч дэмжих дэмжихгүй нь нээлттэй гэв.
Харин эрх баригч намын бүлэг буюу МАН-ын бүлэг хуулийн төслийг дэмжээд явах байр суурьтай байгаа гэж бүлгийн дарга нь мэдэгдлээ. Гэхдээ хагарал нь даамжирсан ардын намын гишүүд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудалд нэгдмэл байх эсэх нь бас л эргэлзээтэй сэдэв. Учир нь уг хуулийн төсөл тус намын зарим нөхдөд өөрсдөд нь зориулагдсан байхыг үгүйсгэх аргагүй.
Ирэх пүрэв гарагт Төрийн тэргүүний санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг парламент дэмжих дэмжихгүйгээ санал хурааж шийднэ. Гэхдээ парламентад суудалтай намууд гишүүдийнхээ ирц, оролцоог хангахгүй бол санал хураалт нь хүлээгдэж байгаа хуулийн төслүүд дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй болж ирлээ.
