Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Израилын цэргүүд хүмүүсийн цогцсыг барилгын дээврээс шидэж байгаа хуучны бичлэг үзүүлж Израилын дургүйг хүргэжээ


Өмнөд Солонгосын ерөнхийлөгч сошиал медиад 2024 онд тавигдаж байсан Газын Зурваст Израилын цэргүүд хүмүүсийн цогцсыг барилгын дээврээс шидэж байгаа бичлэг үзүүлсэн нь Израилын эрх баригчдын дургүйг хүргэжээ. Тухайн бичлэгт Израилын цэргүүд хэсэг бүлэг хүмүүсийн цогцсыг барилгын дээврээс шидэж байгаа талаар харуулсан нь 2024 оны 9-р сарын 19-нд болсон үйл явдал байв.

Өнгөрсөн баасан гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён X дээр тус бичлэгийг нийтэлж, “Бид энийг үнэн эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв үнэн бол, ямар арга хэмжээ авсныг нь олж тогтоох хэрэгтэй” гэж бичсэн нь Израилыг уурлуулж, хоёр улсын дипломат харилцаанд хурцадмал байдал үүсээд байна.

Ли Жэ Мён тус нийтлэлдээ мөн “Дайны үеэр хүмүүсийн амийг хороох, Холокост (дэлхийн ll-р дайны үед Германы нацистууд Еврейчүүдийг хоморголон устгаж байсан үе) болон Япончууд 1910-1945 онд Солонгосыг колончилж, эмэгтэйчүүдийг нь бэлгийн мөлжлөгт оруулж байсан үе бүгд хоорондоо ямар ч ялгаагүй” гэж хурц мэдэгдэл хийсэн байна.

Ли Жэ Мён Холокостын талаар дурдсан нь Израилын гадаад харилцааны яамыг бухимдуулжээ. Тэд бямба гарагт X дээр Ли Жэ Мёныг “зохисгүй үйлдэл гаргасан” гэж шүүмжилжээ.

Израилын гадаад харилцааны яам мөн “Тухайн үед Израилын цэргүүдийн амь нас аюулд орсон байсан ба бид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ асуудлыг 2 жилийн өмнө шийдсэн” гэж мэдэгджээ. Мөн тэд Ли Жэ Мёнд хандаж “Ноён ерөнхийлөгч өө, нийтлэл бичхээсээ өмнө эхлээд шалгаж байх хэрэгтэй шүү” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *