Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын гүйцэтгэх захирал асан Ү.Оюунзулыг дахин тус хүрээлэнгийн удирдлагаар томилжээ. Ү.Оюунзул 2021-2025 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг удирдаж байгаад, 2025 оны 2 дугаар сараас Гэрлэх ёслолын ордоны захирлаар томилогдсон юм.

Тус хүрээлэнгийн захирал, Монголын мисс Ё.Нямжавыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барилга барихыг эсэргүүцсэн хэмээн 3 дугаар сарын 18-нд ажлаас нь чөлөөлсөн юм. Ё.Нямжав 2024 оны 9 дүгээр сард “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргаар томилогдсон юм.
Тэрээр өөрийг нь ажлаас чөлөөлсөн тухай “Ажлаасаа чөлөөлөгдөж байна. НЗДТГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга утасдаж, өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгааг дуулгалаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр барихад зориулж, 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зурахгүй гэснээрээ сар гаруйн өмнөөс би томчуудынхаа нүдэнд торсон хог болсон. ҮАБЗ-өөс энэ асуудлаар саяхан намайг дуудаж уулзсан. “Бичгээр байр сууриа өг” гэсэн, би өгсөн. Цагаан сарын дараа НЗДТГ-ын дарга Оюунчимэгтэй уулзахдаа энэ талаар хэлсэн, бичгийг нь өгсөн. Тэр үед шийдвэр хэрэгжүүлээгүй, даалгавар биелүүлээгүй үндэслэлээр чөлөөлөгдөх болсноо ойлгосон.
Харамсах зүйл алга. Хог шиг торсон хэн нэгэн явж болно. Харин асуудлаа эргэж хараасай даа, томчууд маань. Нийслэлд ганцхан томоохон, чухал байршилтай хүрээлэнгээ бетонон ширэнгэ болгочихгүй, ногооноор нь аваад үлдчих сэтгэл ганц хүнд ядаж үлдээсэй билээ” гэсэн юм.
