Колумб улсын эрх баригчид Пабло Эскобарын 1980 онд тухайн улсад авчирч нутагшуулсан усны үхрүүдийг устгах шийдвэр гаргажээ. Хар тамхины картелын босс Пабло Эскобар 1980 онд Магдалена мөрний дэргэд аварга том амьтны хүрээлэн байгуулахдаа усны 4 үхэр авчирсан байна. Өнгөрсөн хугацаанд эдгээр амьтан үржиж олшрон, 180 орчим болжээ. Эскобарыг хөнөөснөөс хойш усны үхрүүд тосгонд дураараа сэлгүүцэн, ойр орчмын эко системд нөлөөлж, бүр иргэдийн амьдралд аюул учруулж эхэлсэн байна.
Колумбын Байгаль орчны яамны сайд Ирине Велез “Тухайн усны үхрүүдийн тоо толгойг үржүүлэхгүйн тулд засах, амьтны хүрээлэнд аваачиж өгөх мэт өөр арга байсан ч энэ нь хэт үнэтэй, бас амжилтгүй байсан. Иймд Засгийн газар тус шийдвэрийг гаргасан” гэж мэдэгдлээ. Велез эхний ээлжинд усны 80 үхэр агнахаар шийдсэн гэж хэлсэн боловч тэднийг хэзээ агнах нь тодорхойгүй байна.
Ирине Велез усны үхрүүдийг устгах талаар “Хэрэв бид одоо л үүнийг хийхгүй бол усны үхрүүдийн тоо толгойг хянаж чадахгүй болно. Бид байгаль орчны экосистемээ хамгаалахын тулд энэ арга хэмжээг авахаар өөр аргагүй” гэж тайлбарлажээ.
Колумбын Засгийн газрын гаргасан энэ шийдвэр амьтны эрх хамгаалагчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Амьтны эрх хамгаалагчид “Тухайн усны үхрүүдийг өөр тийш зөөх, амьтны хүрээлэнд хүргэх гээд олон арга байхад заавал буудах ёсгүй” гэдэг шаардлага тавьсан байна.
Колумб бол Африк тивийг эс тооцвол зэрлэг усны үхэр тэжээдэг цорын ганц улс юм. Хар тамхины картелын босс Пабло Эскобар аварга том амьтны хүрээлэн байгуулж, гадаадаас усны үхэр авчирч тэжээснээр Колумб улс усны үхэртэй болж байв. 2022 онд Колумбын Үндэсний их ёсргуулийн хийсэн судалгаагаар тус улсад усны 170 үхэр эрх чөлөөтэй сэлгүүцэн амьдарч байгаа гэсэн дүн гарчээ.
Эх сурвалж: The Guardian
