“Улс төрийн тавилт тодорхой болж байна. Юу руу явж байна гэвэл “Рио тинто”-г дэмждэг, “Эрдэнэт”-ийн 49%-ийг буцаах, Ухаахудагаар огт оролдохгүй ийм Ерөнхийлөгч 2027 онд заавал гарах ёстой гэсэн компанит ажил явж байна. С.Баярцогт даргыг Ерөнхийлөгч болгохоор тохирсон байна. Ч.Сайханбилэг хүрч ирж цэвэрлэгээ хийн тоглож байгаа юм байна. “Эрдэнэт”-ийн 49%-ийг зөв байсан гэж сонгуулийн мөнгөө босгож байгаа юм байна. Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарын хэн ч нэр дэвших эрхгүй болох юм байна. Хэн ч дэвшсэн энэ бүлэглэлийн гарт Монголын төр дахиад 6 жил явах нь. Ер нь ч иймэрхүү явж ирсэн юм” гэж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ NTV телевизийн “Лхагвын тойм”-оор ярьсан.
Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд намууд бэлтгэж, горилогсод дор бүрнээ бэлтгэлээ базааж эхэлсэн энэ цагт Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Г.Занданшатар, У.Хүрэлсүх… нар дээр С.Баярцогт гэдэг нэр нэмэгдлээ. Н.Алтанхуяг, Л.Гантөмөр хоёр сонирхлоо албан ёсоор илэрхийлсэн. Г.Занданшатар тэдэн шиг ил хэлээгүй ч цаагуураа санаатай яваа гэдэгт олон хүн итгэдэг. Тийм ч байх. У.Хүрэлсүх харин ил хэлэх нь байтугай далдуур бодож ч болохгүй. С.Баярцогтын тухайд харин?
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.07.17-нд Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэргийг хэлэлцээд, С.Баярцогтод 10 жил хорих ял оноосон бол нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020.12.03-нд уг ялыг 4.8 жил болгосон юм. УДШ түүний хэргийг 2021.05.19-нд хянаад, 4.8 жил хорих ялыг хэвээр нь үлдээсэн. УДШ-ийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчид 2021.07.19-нд С.Баярцогтод холбогдох хэргийг хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр нийслэлийн Прокурорын газарт буцааж, С.Баярцогтыг 2021.08.20-нд сулласан. Үүний дараа АТГ уг хэргийг хэрэгсэхгүй болгосныг нийслэлийн Прокурорын газар 2022.07.06-нд мэдээлсэн юм.
Х.Баттулга лав түүнийг өрсөлдөгчөө гэж хараад, шорон руу өшиглөчихсөн болж таарав
Ийн тэрээр цагаадсан тул Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.6-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэжээ.
Үүнээс үзвэл тэр Ерөнхийлөгч Х.Баттулгын үед АТГ-т дуудагдаж, шүүхээр яллуулсан бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор цагааджээ. Энэ тухайгаа ч С.Баярцогт 2025.12.17-нд NTV телевизийн ярилцлагад орохдоо “Оюутолгойн гэрээг байгуулсан хүмүүс авлига авсан байж магадгүй гэж 2017 онд хэрэг үүсгэсэн. Авлига авсан байвал уг гэрээ хүчингүй болно гэсэн ойлголт олон улсад байдаг учраас ийм зүйл рүү зориуд шахсан. Оюутолгойн гэрээг хүчингүй болгоод, оронд нь хөршүүдийг оруулж ирэх бүлэглэлүүд ажиллаж байсан нь маш тодорхой болсон.
Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгч болсныхоо дараа намайг дуудаж, ЕТГ-ын дарга, Ерөнхийлөгчийн эдийн засгийн ахлах зөвлөхийн албан тушаал санал болгож, нөхцөлтэй хамтарч ажиллах санал тавьсан. Тэгэхэд нь би “Надад хэрэг үүсгэсэн. Үүнийг шийдчихээд уулзъя” гэсэн. 2018 оны 4-р сард Оюутолгой, Дубайн гэрээг хийсэн хүмүүсийг хоморголон баривчилсан. Швейцар улс бас надад хэрэг үүсгэсэн.
Одоо тэгвэл С.Баярцогтыг хэн өрсөлдөгчөө гэж харав?
2021.07.16-ны 08:00 цагт Ерөнхийлөгчийн өрөөнд би Ерөнхийлөгчтэй уулзсан. Х.Баттулга надад дахиад нөгөө саналаа тавьсан. Гэрчтэй. Би нөхцөлийг нь хүлээж авч чадахгүй учраас саналыг нь хүлээж авч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд “Чи шүүхээрээ яв” гэсэн. Тэгээд маргааш нь 10 жилийн ял авсан”.
Швейцар надад үүсгэсэн хэргээ 2021 онд хэрэгсэхгүй болгож, бүх материалыг надад ирүүлсэн. Түүн дотор З.Энхболдын үед ЕТГ-ын бланк дээр Швейцарын ерөнхий прокурорт явуулсан “Энийг шалгаж өгөөч. Улстөрч байсан хүн. Хөрөнгө байхгүй. Зохих өндөр ял өгөөч. Шаардлагатай гэвэл бид туслахад бэлэн” гэсэн утгатай бичиг байсан.
Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 2013, 2014 онд бэлтгэж эхэлсэн юм байна лээ. Тэгээд намайг өрсөлдөгч гэж хараад, замаасаа зайлуулсан” гэж мэдэгдэв.
С.Баярцогт тэр үед Ерөнхийлөгч болох бодол тээж явсан эсэх нь бүү мэд. Х.Баттулга лав түүнийг өрсөлдөгчөө гэж хараад, шорон руу өшиглөчихсөн болж таарав. Одоо тэгвэл С.Баярцогтыг хэн өрсөлдөгчөө гэж харав? Тэр хэний замд саад болов?
С.Баярцогт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой юу?
Х.Баттулга дахин Ерөнхийлөгч болох хүслээ орхиогүй яваа. Энэ талаар Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын дарга нь МАН-тай хуйвалдаж, түүнийг хоёрдохоо нэр дэвших эрхгүй болгосон. Одоо Ерөнхийлөгч асан Х.Баттулга ҮХЦ-д иргэнээр гомдол гаргуулан, дахин нэр дэвших эрхээ олж авах санаатай аргаа барж яваа!” гэж 2026.03.02-нд фэйсбүүк хуудсаараа мэдэгдлээ. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрх нээгдэнэ гэж найдаж, эртнээс өрсөлдөгчөө тодруулан, намнаж эхэлсэн байж болох уу?
Х.Баттулга, С.Баярцогт хоёрын явдлыг хэн хүнгүй мэдэж байгаа. Мэдэхгүй явсан нь одоо мэддэг боллоо. Ийм байхад Х.Баттулга дахиад С.Баярцогтоор оролдох юм болов уу? Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломж огт харагдахгүй байхад шүү дээ.
Харин С.Баярцогт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой юу?Х.Баттулгатай холбоотой нэрээ цэвэрлэж авах нь С.Баярцогтод хэрэгтэй. Наанадаж “Хүн нэрээ, тогос өдөө хичээдэг” хойно. Цаанадаж “Аз хүү байвал ёоз хүүгээр цохиж болох шүү дээ”. С.Баярцогт АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч болсон нь ч энэ бүхнийг үгүйсгэх аргагүй болгов. Түүнд том зорилго бий болсон байж болно. Л.Оюун-Эрдэнэ тэр аз хүүг олж харчхаад, хэлж байж ч мэднэ. Тэгж яривал Л.Оюун-Эрдэнэ ч өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насанд хүрсэн хүн л дээ. Насанд хүрсэн хүмүүсийн тоглоом хатуу.
