Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” захын хойно байрлах “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 2,612 ам метр талбайг “Восточный альянс” ХХК-д эзэмшүүлжээ. Тэгвэл тухайн газарт оршин суугчид барилга барихыг эсэргүүцсэний үндсэнд ногоон байгууламж болгон тохижуулахаар болжээ. Энэ үеэр тухайн газрыг эзэмшигч компанийн төлөөлөл хотын А бүс дэх газраар сольж өгөх хүсэлтийг гаргасан. Харин Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ “Хотод А зэрэглэлийн газар байхгүй. 2027 оны 12-р сар гэхэд 30 мянган хүний суурьшилтай хот босгох гэж байгаа. 20 минутын хот. Хотын төвөөс 5 км-ийн зайтай. Тэнд яг нэгдүгээр эгнээнд төв зам дагуу газар шийдэж өгье. Мөн барих орон сууцыг чинь ипотект хамруулж болно” гэв.

Харин Барс орчимд чөлөөлсөн газар дээрээ 2026 ондоо багтаж тохижилт, ногоон байгууламж хийх бөгөөд ямар нэгэн газар олгохгүй, автомашины зогсоол барихгүй, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулахаар төлөвлөсөн болохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

