ХҮН, ИЗНН зэрэг 10 нам дүрмээ бүртгүүлэхээр хандаагүй байна


Манай улс яг одоо улс төрийн 38 намтай. Он гарсаар 1 нам Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Үүнээс өмнө 2025 онд 37 нам бүртгэлтэй байв. Үүний 29 нь намынхаа дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтын хэлбэрээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн өөрчилж, түүнийгээ бүртгүүлэхээр 2025.12.31-ний дотор УДШ-д ханджээ. 8 нам хүсэлт гаргаагүй. Эдгээр 8 нам Улс төрийн намын тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй.

Одоогоор дээрх 29 намын 11-ийнх нь дүрмийг УДШ шинэчлэн бүртгээд байна. 18 намын дүрэм хуульд заасан шаардлага хангаагүй тул УДШ өргөдлийг нь буцаажээ. Эдгээр 18 намд УДШ 60 хоногийн хугацаа олгосон юм. Энэ хугацаа 2026.01.23-наас явж эхэлсэн. Түүнээс хойш 12 нам шинэчилсэн дүрмээ бүртгүүлсэн бол одоо 8 намын дүрмийг УДШ хянаж байна.

Харин доорх 10 нам дүрмээ бүртгүүлэхээр УДШ-д дахин хандаагүй байна. Үүнд:

  • Дэлхийн монголчууд нам
  • Эрх чөлөөний эвсэл нам
  • ХҮН
  • ИЗНН
  • Эх орончдын нэгдсэн нам
  • Монгол консерватив
  • Монголын уламжлалын нэгдсэн нам
  • Монголын ардчилсан хөдөлгөөний нам
  • Монголын социал демократ нам
  • Монголын хүний төлөө нам

Эдгээр намын 60 хоног 4-р сарын 27-ноос 5-р сарын 14-ний хооронд дуусна. УДШ дүрмийг нь бүртгэхээс 2026.01.23-наас өмнө татгалзсан бол 2026.01.23-наас эхлэн 60 хоногийн дотор дүрмээ бүртгүүлэхээр дахин нэг удаа хандах боломжтой.

2026.01.23-нд нийт шүүгчийн хуралдаанаар дүрмийг нь бүртгэхээс татгалзсан, эсхүл өмнө нь бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан боловч тогтоол, шийдвэрийг гардуулж өгөөгүй байсан бол нийт шүүгчийн хуралдааны тогтоол, шийдвэрийг өргөдөл гаргагчид гардуулснаас хойш 60 хоногийн дотор тухайн нам дахин нэг удаа УДШ-д өргөдөл гаргах эрхтэй.

Хэрвээ энэхүү 60 хоногт дүрмээ шинэчлээгүй, алдаагаа засаагүй, дахин өргөдөл гаргахгүй бол Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх үүрэг”-ээ биелүүлээгүй гэж үзнэ.

Уг үүргээ биелүүлээгүй бол тухайн намуудын дүрэм Улсын дээд шүүхэд бүртгэлгүйд тооцогдох юм байна. Бүртгэлгүйд тооцогдсоноор хүчин төгөлдөр байдлаа алдах хууль зүйн үр дагавартай болохыг улс төрийн намуудад УДШ удаа дараа мэдэгдсээр байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *