Н.Учрал Ерөнхий сайд болмогцоо төрийн албан хаагчдад хайр зарлаж, элдэв тайлангаар дарахгүй гэдгээ амласан бол өдгөө 1 өдрийн цалинтай чөлөөгөөр нийтээр нь урамшуулж байна. Ажлын байран дээрээ ч тогтвортойхон суучихдаггүй төрийн албан хаагчдыг уг нь ард түмний төлсөн татварын мөнгөөр цалинжуулдаг. Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн бензин шатахуун хэмнэх нэрийн дор төрийн албан хаагчдынхаа ажлын 1 өдрийг цахим болголоо. Ажлын 5 өдөр, ажлын 8 цагаа ажлын байран дээрээ бүрэн гүйцэд өнгөрөөчихдөггүй төрийн албан хаагчид ийнхүү цахимаар ажиллах давуу эрх эдэлж байгаа нь өнөө дабль стандарт төрд эсвэл хувьд ажилладаг эсэхээс хамаарч, нийтлэг үйлчилж эхэлснийг харуулсан тод жишээ болж байна.
2025 оны эцсийн мэдээллээр төрийн 4,330 байгууллагад 213,611 албан хаагч ажиллаж байгаагийн 52,7 хувь нь нийслэлд бий. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 1/4 нь өрийн албан хаагч болж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байна. Тэгвэл 2013 онд төрийн албан хаагчийн тоо 169 мянга байсан түүх бий. Сайд, дарга нар данхар төрөөс татгалзаж, цомхон төртэй болох талаар байнга ярьсаар ирсэн. Одоо ч ярьсаар байгаа. Гэхдээ бодит байдалд хэлсэн үг, хийсэн ажил хоёр нь алд дэлэм зөрж буй нь энэ буюу.
2025 онд 6,5 их наяд төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаас төрийн албан хаагчдын цалинд зарцуулсан бол 2026 онд 7 орчим их наядыг тэдний цалинд өгөх тооцоо байгаа юм. Гэхдээ тэд 7 хоног бүрийн 1 өдрийг цахим нэрийн дор гэртээ амарч өнгөрүүлж байсан ч цалингаа бүтнээр нь авна гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.
Жилийн 365 хоногийн 261 нь ажлын өдөр. Өнөөдөр 4-р сарын дунд үе гээд тооцвол ердөө 180 орчим ажлын өдөр үлдээд байна. Гэхдээ үүнээс Хүүхдийн баяр, Улсын наадам, Улс тунхагласны гэх мэт баярын амралтуудыг хасвал 170 орчим ажлын өдөр байна. Үүнээс 7 хоног бүрийн 1 өдрийг цахим болгон хасвал 133-хан ажлын өдөр үлдэнэ. Энэ 133 ажлын өдрөө төрийн албан хаагчид маань хэр үр бүтээлтэй өнгөрүүлж, хэрхэн түмэн олонд үйлчлэх бол гэдэг нь анхаарал татна.
Өнөөдрийг хүртэл хуульд бичигдээгүй ч ард түмэнд ягштал мөрдүүлсээр ирсэн төрийн албан хаагчдын гаргасан ажлын цаг гэж бий. Тодорхой яривал тэд иргэдэд үйлчлэх хугацаагаа өөрсдөө тогтоодог гэсэн үг. Зах зухаас нь дурдвал төрийн байгууллагууд 1 өдөр “Дотоод ажил” нэрийн дор иргэдэд үйлчилдэггүй. Ажлын голоор 2 цаг хоолонд гарна, ажил тарахаас 1-2 цагийн өмнө ажлын байр нь хоосорчихно гээд тооцвол иргэдэд үйлчлэх, үндсэн ажлаа хийх цаг тун цөөн.
Бас удахгүй ирэх зуны урин дэлгэр цагт төрийн албан хаагчид ээлжийн амралтаа авна гэдгийг бид мартаж болохгүй. Ингээд бодохоор төрийн байгууллагаар ажил хөөцөлдөх иргэдийн явдал чирэгдэл хэд дахин өсөх нь гарцаагүй боллоо. Иргэдэд үйлчлэх үүрэгтэй төрийн албан хаагчдын олонх нь ажлын байран дээрээ тогтдоггүйн зовлонг монголчууд нийтээрээ мэднэ. Тэгвэл одоо тэдний ажил дээрээ байх хугацаа бүүр ч богиносчихлоо.
Ерөнхий сайдын өнөө “Чөлөөлье” санаачилга чинь төрийн албан хаагчдаа иргэдээс чөлөөлөх санаачилга болоод хувирчхав биш үү?
Дүгнээд үзвэл Ерөнхий сайд Н.Учралын хэлсэн үг, амласан амлалт нийт монголчуудад зориулагдаагүй. Тэрээр намынхаа сонгуульд хүчин зүтгэх 213 мянган төрийн албан хаагчдаа ажлын ачааллаас чөлөөлөх зорилгоор “Чөлөөлье” санаачилгаа хэрэгжүүлсэн болж таарч байна.
Өнөөдөр Монголын хамгийн том ажил олгогч бол төр. Төр, засгаас албан хаагчдаа ингэж ивээгээд байхад төрд ажиллах хүсэлтэй иргэд олшрох нь аргагүй. Ерөнхий сайд Н.Учралын ивээлт бодлого төрийн албан хаагчид руу чиглээгүй байхад ч тэд хувийн хэвшилд тогтмол татвар төлсөөр ирсэн иргэдээс олон давуу тал эдэлж ирсэн. Эдэлсээр ч яваа.
Тэдгээр давуу талын заримаас нь дурдвал: Төрийн албан хаагчид жилийн эцэст үр дүнгийн урамшуулал гэх цалин авдаг. Ээлжийн амралтаа эдлэхдээ гэр бүлээрээ сувилалд амарсан зардлаа төрөөр даалгачихна. Түүгээр зогсохгүй тэтгэвэрт гарахдаа 36 сарын урамшуулал хүртэнэ. Өөрөө авч амжихгүй бол үр хүүхдэдээ өвлүүлчихнэ. За тэгээд хөдөө ажилладаг бол орон нутгийн нэмэгдэл гэх урамшуулал сар бүр хүртэхээс гадна хөдөө ажилласны нэмэгдэл гээд ахиад 5 жил тутамд дансанд нь мөнгө орно. Зөвхөн татвар төлөгчдийн мөнгөнөөс л эдлүүлж болох ийм их давуу талыг төрөөс өөр ямар ч ажил олгогч өнөөдөр Монголд олгож чадахааргүй болтлоо эдийн засаг хүндэрчихсэн нь харамсалтай нь маргашгүй үнэн билээ.
Хувийн хэвшилд морь, нохой мэт хүчин зүтгэж яваа татвар төлөгчид мэдээлэл авах, эсвэл зөвшөөрөл, албан хүсэлт гаргуулах гээд төрийн албан хаагчдаас хамааралгүйгээр ажиллах, бизнесээ үргэлжлүүлэх бололцоо үндсэндээ байхгүй. Тэгвэл одоо төрийн албан хаагчдын ажлын байрандаа тогтож суух цаг улам богиносож байгаа нь хувийн хэвшилд ажиллаж яваа Монголын ард түмний хувьд муу мэдээ болон үлдэж байна.
Нэгэнт МАН-ын дарга, Ерөнхий сайд ноён Н.Учралын хайр ивээлд багтах эрхгүй хувийн хэвшлийн ажилтан бид төрийн хайр хишгийг хүртэхийн тулд төрийн албан хаагч болохоос өөр сонголт үндсэндээ үлдсэнгүй. Төрийн албанд үлдэхийн төлөө үхэн хатан зүтгэгчдийн эгнээ рүү шигдэх хүсэлтнүүдийг улам нэмсэн Н.Учралын “Чөлөөлье” санаачилга үндсэндээ хувийн хэвшлийнхнийг ажилтнуудаас нь чөлөөлөх бодлого болж хувирчихав биш үү?
