УИХ-ын чуулганаар өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг 57 гишүүний буюу 56.4 хувь нь дэмжив. Үүнийг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара эсэргүүцлээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
-УИХ-ын дарга С.Бямбацогт өчнөөн хууль зөрчөөд явж байна ш дээ. Энэ хүний ёсзүйн асуудлыг ярьж болохгүй юу? Энэ хүний ёсзүйг ярихаар би хууль зөрчсөн болчихдог уу.
Бүгд мэдэж байгаа. Дундын байр суурьтай байсан бүх гишүүнийг өчигдөр Ерөнхийлөгч дуудаж загнахыг нь загнасан, айлгахыг нь айлгасан. Өнөөдөр энэ хуулийн төслийг дэмжсэн Даваагийн Цогтбаатар байна. 3 шатны шүүх хурлаар гэмт хэрэг хийсэн нь тогтоогдчихсон хүн өнөөдөр өөрийнхөө эсрэг санал өглөө. Энэ чинь юу хэлээд байна гэхээр, энэ төслийг дэмжсэн хүмүүс гэмт хэргээрээ ял наймаалцах, эрх ашгаараа ял наймаалцах, компаниудын явуулж байгаа асуудлыг би бүр больё. Тендэрчин, наймаачин гишүүд, энэ их хурал ус, тосоороо ялгарсныг харуулж байна. Ямар ч тендерт оролцоогүй, ямар ч барьцаагүй хүмүүс энэ хуулийн эсрэг байгаад байгаа биз!
УИХ-ын дарга огцрох бүрэн болзлоо хангачихлаа. УИХ-ын дархлаа, халдашгүй байдлыг хадгалах ёстой хүн нь энэ хуулийн төслийн өөрт ашигтай, МАН-ын эрх мэдэлтнүүдэд зориулж, ард түмнийг манупляц хийлээ.
Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнах ёстой. Үүрэг нь угаасаа тийм байдаг. Түүнээс биш Ерөнхийлөгч УИХ-ыг хянах ёстой байгууллага биш. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан энийг мэдэж аваарай. Бид хэдэн Ерөнхийлөгчтэйгөө мэдэхээ болиод байна.
Мөн УИХ-ынхаа эсрэг байдаг УИХ-ын даргыг эсэргүүцэж байна. Энэ их хурал бол МАН-ын их хурал биш. Энэ хурал бол бүх ард түмний их хурал шүү!
