Өчигдөр Турк улсын өмнөд хэсэгт орших Кахраманмараш хотын “Ayser Calik” сургуульд буутай этгээд хүмүүс рүү гал нээсний улмаас 9 хүн амиа алдаж, 13 хүн гэмтжээ. Гэмтсэн 13 хүнээс 6 хүнийх нь биеийн байдал хүнд байна.
Уг аймшигт халдлагыг үйлдсэн этгээд 14 настай хүүхэд байсан гэж эрх баригчид мэдээлжээ. Гэмт этгээд хүмүүс рүү гал нээж байх үедээ буудуулж амиа алдсан байна.

Мягмар гарагт буюу үүнээс ганцхан хоногийн өмнө тус улсын өмнөд хэсэгт орших өөр нэг хотод гэмт хэрэгтэн сургуулийн орчинд гал нээсний улмаас 16 хүн гэмтсэн юм. Уг хэргийг үйлдсэн хүн нь тус сургуульд өмнө нь сурч байсан 18 настай хүүхэд байжээ. Тэрбээр хүмүүс рүү гал нээж, 16 хүн гэмтээснийхээ дараа өөрийгөө буудаж, амиа хорлосон байна.
Ийн дараалан 2 хотод 2 сургуульд галт зэвсэгтэй халдлага гарсан нь Турк улсын ард иргэдийг цочирдуулжээ.
Лхагва гарагт болсон халдлагын шалтгаан нь тодорхойгүй байгаа тул мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ. Өчигдрийн халдлагыг үйлдсэн 14 настай хүүхэд 5 буутай, 7 магазинтай байсан гэж Туркийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC
