Дархан-Уул аймгийн тариаланчид өнөөдөр зөвлөлдөж байна. Тус аймгийн ХХААГ, Тариаланчдын холбоо хамтран зохион байгуулж буй эл зөвлөгөөнд 50 гаруй тариаланч оролцож, нийт 10 гаруй байгууллага мэдээлэл өгч байна.
Энэ хавар үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд 185 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Уг зээлийг авахаар тус аймгийн 180 орчим иргэн, аж ахуйн нэгж хүсэлт гаргажээ. Үүнийг аймгийн ХХААГ-аас ХХААХҮЯ-д уламжилсан байна. Одоогоор 20 иргэн 1.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Төмс, хүнсний ногооны механикжуулагч, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд 15 тэрбум төгрөгийн зээл олгоно.

ЗГ-аас 10 мянган тонн дизель түлш нөөцөлж, тариаланчдад хөнгөлөлттэй үнээр олгож байна. Үүнээс Дарханд 25 тонн шатахуун хуваарилжээ. Тариаланчдад 3500 төгрөгөөр уг түлшийг олгож байна.
Тус аймаг 25 мянган га талбайд тариална. Нийт талбайн 70 хувьд үр тариа, тэжээлийн ургамал, үлдсэнд нь төмс, хүнсний ногоо тарина. Ирэх 7 хоногоос тариалалт эхэлнэ.

